Р.Абрамович Израилийн иргэн болжээ

Оросын тэрбумтан, Английн “Челси” хөлбөмбөгийн эзэн Роман Абрамович Их Британийн тал визийг нь сунгахаас татгалзсаны дараа Израилийн иргэншил авсан тухай Оросын хэвлэлүүд онцолж байна. Израилийн Дотоод хэргийн яамны баталж буйгаар Р.Абрамовичид Тель- Авив хотод оршин суух эрх олгожээ. Ингэснээр Роман Абрамович Израилийн хамгийн баян иргэн болж байгаа юм. Тэрбээр энэ улсын иргэн болох хүсэлтээ эртнээс илэрхийлж байсан бөгөөд Тель-Авивын баячуудын дүүрэгт өнгөрсөн жил тансаг байшин бариулсан билээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Абрамович Израиль руу шилжин суурьших хүсэлтэй байгаа талаар мэдээлэлгүй байсан гээд нөлөө бүхий томоохон бизнесмэн хаана амьдрах нь түүний эрх гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Р.Абрамович ийнхүү Израилийн давхар иргэншилтэй болох хүсэлт гаргасан нь магадгүй түүний бизнесийн үйл ажиллагаа болоод гаднын улс орнуудад чөлөөтэй зорчих эрх олж авахыг хүссэнтэй нь холбоотой гэж үзэх нэгэн ч байна. Учир нь, Израилийн иргэдэд лессе-пассе болон даркон гэсэн хоёр төрлийн гадаад паспорт олгодог аж. Даркон төрлийн гадаад паспорт эзэмшигч нь дэлхийн 147 улс оронд, тэр дундаа Их Британи руу визгүй зорчих эрхтэй юм байна. Гэхдээ энэ төрлийн паспорттай байлаа ч дэлхийн 100 гаруй улс оронд тусгай зөвшөөрөлгүйгээр ажиллах, суралцах эрхгүй аж. Түүнчлэн даркон паспорттай Израилийн иргэнд Их Британи визгүй 90 хүртэлх хоногийн хугацаагаар саатах зөвшөөрөл олгодог ажээ.

 

Х.Заяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)