АНУ холбоотнуудтайгаа "худалдааны дайн" эхлүүллээ

АНУ Европын холбоотой худалдааны дайн эхлүүлсэн талаар олон улсын хэвлэлүүд онцолж байна. Вашингтоны эрх баригчид өнгөрсөн гуравдугаар сард хөнгөн цагаан болон гангийн импортын татвараа нэмэгдүүлэх шийдвэр гаргасан билээ. Уг шийдвэр энэ сарын 1-ээс мөрдөгдөж Европын холбоо, Канад, Мексик улсаас импортолж байгаа ганд 25, хөнгөн цагаанд 10 хувийн татвар ногдуулж эхэлсэн юм. Европын холбоо болон Мексик, Канад улсын эрх баригчид Вашингтонд хариу арга хэмжээ авах болно гэдгээ мэдэгдсэн. Тиймээс АНУ холбоотон орнуудтайгаа худалдааны дайн дэгдээж магадгүй гэж шинжээчид болгоомжилж байна. Европын холбооны худалдааны байгууллагууд, эдийн засгийн салбарынхан АНУ-ын үйлдлийг үндэсний эдийн засгаа дэмжих зорилгоор бусдын ашиг сонирхлыг уландаа гишгэсэн үндэсний протекционизмын бодлого явуулж байгаад буруутгажээ. Дашрамд дурдахад, АНУ болон БНХАУ хооронд худалдааны салбарт үүссэн маргааны үйл явцыг харахад худалдааны дайн дэгдэхгүй байх үндэслэлтэй аж. Вашингтон болон Бээжингийн тал харилцан буулт хийснээр дэлхийн хоёр хүчирхэг эдийн засагтай гүрнүүд худалдааны дайнаас зайлсхийсэн юм.

Д.ТРАМП: ХУДАЛДААНЫ ДАЙН БОЛ САЙН ЗҮЙЛ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп импортын татвараа нэмэгдүүлэх шийдвэрээ үндэсний аюулгүй байдалтай холбон тайлбарласан. “Дэлхийн зах зээлд хөнгөн цагаан болон гангийн илүүдэл үүссэн. Энэ нь БНХАУ-д металлын үйлдвэрлэл эрэлтээс хэтэрснээс үүдэлтэй. АНУ их хэмжээний ган, хөнгөн цагаан импортолсноор дотоодын үйлдвэрлэгчид хаалгаа барих, ажлын байр танагдах зэрэг эрсдэлтэй. Энэ нь эргээд Америкийн үндэсний аюулгүй байдалд заналхийлнэ” гэж Цагаан ордны тэргүүн мэдэгдсэн билээ. Европын холбоо, Мексик болон Канад улстай хэлэлцээр хийснээр татварын хэмжээг нэмэгдүүлэх хугацааг хойшлуулж магадгүй ч, өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй байна. Дональд Трамп сонгуулийн мөрийн хөтөлбөртөө улс эх оронд нь ашиггүй гэрээ хэлэлцээрээс татгалзана гэж мэдэгдсэн. Магадгүй энэ зорилгодоо хүрэхийн тулд худалдааны дайн эхлүүлэхээс буцахгүй гэдгийг эх сурвалжууд дурдаж байна. Мөн “Худалдааны дайн бол сайн зүйл. АНУ ялалт байгуулахад амархан” гэсэн Д.Трампын үгийг Европын холбооны удирдагчид шүүмжлэлтэй хүлээн авсан юм. Учир нь, АНУ болон Европын холбооны орнуудын худалдааны харилцаа харьцангуй тогтвортойд тооцогдож ирсэн билээ. АНУ болон Европын холбоо нь Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн, Транс-Атлантын эдийн засгийн зөвлөл, Евро-Америкийн худалдааны нээлттэй харилцааны тухай гэрээний дагуу тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байв. Гэвч хоёр томоохон зах зээлийн хооронд үе үе худалдааны асуудал урган гарч ирдэг ч тухай бүрт Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмаар зохицуулсаар ирсэн юм.

ЕВРОКОМИССАР С.МАЛЬМСТРЁМ: Д.ТРАМП “ГАЛААР НААДАЖ” БАЙНА

Д.Трампын Еасгийн газрын шийдвэрийн хариуд Европын холбооны зүгээс 10 хуудас бүхий жагсаалт нийтэлж, Америкаас импортоор авдаг зарим нэр төрлийн барааны татварыг нэмэх шийдвэр гаргажээ. Энэхүү жагсаалтад “Харли Дэвидсон” мотоцикл, бурбон дарс зэрэг АНУ-ын экспортын гол бүтээгдэхүүн багтсан байна. Европын холбооны худалдааны асуудал хариуцсан еврокомиссар Сесилия Мальмстрём Брюссельд хийсэн тусгай мэдэгдэлдээ, АНУ-ын ган болон хөнгөн цагааны татварын нэмэгдлийн хариуд энэ улсаас импортолдог зарим нэр төрлийн барааны татварын хэмжээнд өөрчлөлт оруулснаар Вашингтоны шийдвэрээс болж алдагдсан балансыг тэнцвэржүүлэх алхам хийж байгаа юм. Европын холбооны худалдааны еврокомиссар үүсээд байгаа нөхцөл байдлыг “Худалдааны дайн” гэж нэрлэхийг хүсэхгүй байгаа ч зүгээр хараад суухгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн “Татварын асуудлаас үүдэн гарч байгаа алдагдлаа нөхөх арга хэмжээ авах нь зүйн хэрэг. Бид эдийн засгаа эрүүл байлгаж, худалдааны балансыг тогтворжуулах учиртай. Тиймээс АНУ-ын Ерөнхийлөгч энэ нөхцөл байдалд “галаар наадаж” байна” гэж Сесилия Мальмстрём онцолсон юм. Харин Европын холбооны худалдааны танхимын тэргүүн Сюзан Дангерын мэдэгдэж байгаагаар “Европын холбоо болон АНУ-ын харилцаа дэлхийн хамгийн хүчирхэгт тооцогддог, хамтын ажиллагаа ч хамгийн бат бэх байсаар ирсэн. Энэхүү харилцаа Атлантын далайн хоёр талд олон сая хүнийг ажлын байраар хангаж, Америкаас Европ тивийг чиглэсэн хөрөнгө оруулалт хоёр их наяд евро гэж тооцогддог. Гэвч өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан энэхүү хоёр том зах зээл худалдааны маргаан, зөрчилтэй тулгарч, харилцан сөргөлдөөн үүсгээд байна. Ийм харилцаа хэнд ч ашиггүй гэдгийг талууд ухаарах хэрэгтэй” гэв. Европын холбоо Дэлхийн худалдааны байгууллагад хандаж Цагаан ордны гаргасан шийдвэр, татварын хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэр хэр үндэслэлтэй болохыг, мөн Д.Трампын хэлсэнчлэн АНУ-ын үндэсний аюулгүй байдалд нь сөргөөр нөлөөлж байгаа эсэхийг шалган тогтоож өгөх хүсэлт тавьсан байна.

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)