У.Росс: БНХАУ-тай найрсаг, шударга хэлэлцээр хийлээ

Бээжин хотноо Хятадын Коммунист намын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Лю Хэ АНУ-ын Худалдааны сайд Уилбур Росстой хоёр орны эдийн засаг, худалдааны асуудлаар зөвшилцлөө. Хятадын талын гаргасан мэдэгдлийн дагуу хоёр орон Вашингтоны нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхийн тулд хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг салбарын асуудлаар зөвшилцөж, ахиц гаргасан байна. Хэлэлцээрийн дараа Америкийн Худалдааны сайд У.Росс “Хоёр талын шударга хэлэлцээр хийхийг эрхэмлэдэг. Энэ удаагийн хэлэлцээрээр экспортын барааны асуудлыг хөндөж ярьсан” гэжээ. Хятадын тал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх нь уулзалтын гол зорилго байсныг дурдсан юм. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, тус хэлэлцээр хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт төвлөрч, идэвхтэй ахиц гаргах нь хоёр орны ашиг сонирхолд нийцжээ. Хятад улс АНУ-аас хөдөө аж ахуйн сайн чанартай бүтээгдэхүүн, байгалийн хий зэрэг цэвэр эрчим хүчийг импортоор оруулахаа нэмэгдүүлэх нь иргэдийн сайн сайхан амьдралын эрэлт хэрэгцээг хангаж, эдийн засгийн хөгжлийг ахиулахын төлөө гэдгийг Лю Хэ онцолжээ. Хятад улс АНУ-аас импортлох өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх нь хэрэглэгчид хөдөө аж ахуйн чансаатай, хямд бүтээгдэхүүн худалдан авах боломж нээгдэх төдийгүй Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн өөрчлөлт шинэчлэлээ түргэтгэхэд сэдэл болох юм.

Үүний зэрэгцээ АНУ-ын тал экспортын тогтвортой зах зээлтэй болж, орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэх аж. Эрчим хүчний хувьд Хятадын эдийн засгийн эрчтэй хөгжил, нэг тэрбум 400 сая хүн амын эрчим хүчний хэрэглээний эрэлт хэрэгцээ эрчим хүчний нийлүүлэлт, хэрэгцээг улам зөрчилтэй болгож байна. Мөн Хятадын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөт ажилд ахиц гаргах шийдвэр, арга хэмжээнд цэвэр эрчим хүчний импортыг нэмэгдүүлэх, эрчим хүчний импортын олон талт зам суваг, эрчим хүчний бүтцийг бий болгох шаардлага тавигдаж байна. Энэ нь Америкийн тал худалдааны сөрөг балансаа багасгахад тустай тул хоёр талдаа ашигтай байх нь гарцаагүй юм. Үүний зэрэгцээ Хятад, Америкийн тохиролцооны үр дүнд хоёр тал худалдааны дайн хийхгүй байх урьдач нөхцөл бүрджээ. Хэрвээ Америкийн тал гаалийн татварыг нэмэгдүүлэх зэрэг худалдааны хориг тавих арга хэмжээгээ хэрэгжүүлбэл, хоёр талын хэлэлцээрээр тохиролцсон худалдаа, эдийн засгийн аливаа үр дүн хүчингүй болно. Энэ бол Бээжингийн эрх баригчдын байр суурь төдийгүй Вашингтоны зөвшилцлийн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх гол шалтгаан юм. Худалдааны сайд У.Росс Бээжинд айлчлахын өмнө Хятадаас Америкт экспортолж буй аж үйлдвэрийн технологийн 50 тэрбум ам.долларын бүтээгдэхүүний жагсаалтыг нийтэлж, 25 хувийн гаалийн татвар авахаа мэдэгдсэн билээ. Мөн зарим эх сурвалжийн мэдээлснээр, Бээжинд ажиллаж буй Вашингтоны төлөөлөгчид Хятадын талтай тохиролцоонд хүрч чадахгүй бол У.Россын айлчлал үр дүнд хүрэхгүй гэнэ. Гэхдээ АНУ-ын худалдааны сайд Бээжинд яаралтай хэлэлцээр хийсэн нь Вашингтоны эрх баригчид Хятадтай худалдааны маргаанаа зогсоохыг хүсч буйн илрэл гэж ажиглагчид таамаглаж байна.

АНУ-ын Худалдааны сайд Уилбур Росс “Энэ удаа Хятадтай хийсэн хэлэлцээр найрсаг, шударга болсон” гэдгийг онцолсон. Вашингтоны төлөөлөгчид энэ удаагийн зөвшилцлийн үр дүнг Ерөнхийлөгч Дональд Трампад тайлагнасны дараа ээлжит алхмаа хэрэгжүүлэх юм байна. Иймээс Хятадын тал стратегийн байр сууриа хадгалах, болзошгүй байдалтай нүүр тулахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Хятадын "Глобал Таймс" сонинд “Хятад Америк хоёр орон эдийн засаг, худалдааны асуудлаар зөвшилцсөнөөс хойш хоёр тал сөргөлдөхийн зэрэгцээ хэлэлцэж, хэсэг хугацаанд ахицад хүрэн, хоёр орон харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх боломж тохиолоо. Өөрчлөлт нээлт болон дотоод хэрэгцээгээ өргөжүүлэх бол Хятадын үндэсний стратеги юм. Нэгэнт тогтсон энэхүү "Хятадын хэмнэл" өөрчлөгдөхгүй. Хоёр тал бодит үр дүнд хүрэхээр хичээх ёстой. Гэхдээ Америкийн тал бодит байдалд үл нийцэх бодлого хэрэгжүүлэх ёсгүй. Өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлэх "Хятадын хэмнэл"-ийг Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны зөвшилцлийн өнөөгийн нөхцөлд авч үзвэл, Хятадын талаас гадаадад нээлттэй байх шинэ төвшинг урагшлуулах шийдвэр” хэмээн дурджээ.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)