Н.Баяртсайхан: Банкууд өөрийн хөрөнгөө нөхөж чадахгүй бол төр мэдэлдээ авна
- 2018-06-06
- Эдийн засаг
- 1
Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Банкийг дахин санхүүжүүлэх тухай хуулийн төслийг хаалттай горимоор хэлэлцлээ. Учир нь, арилжааны зарим банкинд өөрийн хөрөнгийн дутагдал үүссэн учраас төрөөс ийнхүү зохицуулалт хийхээр хэлэлцэж эхлээд байна. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.БАЯРТСАЙХАН-тай ярилцлаа.
-Банкийг дахин санхүүжүүлэх тухай хуулийн гол агуулгын талаар мэдээлэл өгнө үү. Арилжааны зарим банкинд хүндрэл үүссэн учраас төр зохицуулалт хийх нь гэж ойлгож байгаа?
-Банкийг дахин санхүүжүүлэх хууль нь системийн ач холбогдолтой банкинд зориулсан хууль. Системийн ач холбогдолтой банк гэдэг нь том банкуудаа хэлж байгаа юм. Нийт банкны салбарын активын тав ба түүнээс дээш хувийн хөрөнгө мөнгө эзэмшиж байгааг системийн ач холбогдолтой банк гэж нэрлэж байгаа юм. Хэрвээ системийн ач холбогдолтой банк дампуурвал хадгаламж эзэмшигч, харилцагчдын мөнгө байхгүй болно. Санхүүгийн тогтвортой байдал Монгол орон даяар алдагдана. Нэг банк дампуурахад л түүнийг дагаад бүгд ганхах учраас бид томоохон банкуудаа хамгаалах ёстой гэж үзэж байгаа. Тиймээс Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулиар банкны хувьцаа эзэмшигчдэд маш том анхааруулга өгч байгаа хэрэг. Хэрвээ дутагдаж байгаа өөрийн хөрөнгийг Монголбанкнаас заасан хугацаанд нөхөж чадахгүй бол төр хөрөнгө оруулалт хийж дахин хөрөнгөжүүлээд банкийг мэдэлдээ авна гэсэн үг. Нэг ёсондоо, банк эзэмшигчдийг бид идэвхжүүлэх гээд байна шүү дээ. Заасан хугацаанд дутагдлаа нөх, үгүй бол банкаа төрд алд л гэж байгаа юм.
-Таван банкинд эрсдэл буюу өөрийн хөрөнгийн дутагдал үүссэнийг хэрхэн мэдсэн юм бэ?
-Монгол Улс ОУВС-тай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрийн хүрээнд банкны системд бүтцийн өөрчлөлт хийх заалт оруулсан. Өөрөөр хэлбэл, банкийг эрүүлжүүлж, хүчтэй болгох, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хамгаалах зорилготой өөрчлөлт юм. Банк эрүүл байвал санхүүгийн систем эрүүл байна, санхүүгийн систем эрүүл байвал эдийн засаг эрүүл байна. Эдийн засаг эрүүл байвал нийгэм эрүүл байна гэх зарчим баримталсны дагуу банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийх арга хэмжээг авч хэрэгжүүлж эхлээд байгаа нь энэ. Үүний тулд бид эхлээд банкуудын эрүүл мэнд, санхүүгийн чадавх ямар байгааг тодорхойлсон. Үүнийгээ активын чанарын үнэлгээ гэж нэрлэж байгаа юм. Олон улсын тендер зарлаад Чехийн PWC гэдэг компанийг шалгаруулж, 14 банкинд активын чанарын үнэлгээг хийлгэсэн. Үнэлгээний үр дүн үнэн бодит гарсан гэж үзэж байгаа. Яагаад гэхээр манай банкууд боломжийн үйл ажиллагаа явуулж, санхүүгийн систем тогтвортой байгаа юм байна гэдэг дүгнэлт гаргасан. Үнэхээр ч Монголын банк санхүүгийн систем тогтвортой, айж сандраад байх зүйл байхгүй. Гэхдээ нэр бүхий таван банкинд өөрийн хөрөнгийн дутагдал гарсан.
-Өөрийн хөрөнгийн дутагдал гэдгийг та энгийнээр тайлбарлаж өгөөч. Банкинд үүссэн дотоод асуудалд төр заавал оролцох ямар хэрэг байгаа юм бэ?
-Өөрийн хөрөнгийн дутагдал гэдэг нь хадгаламж эзэмшигчид буюу харилцагчдын мөнгийг тодорхой хэмжээгээр дутаасан гэсэн үг. Тиймээс бид эдгээр таван банкинд даалгавар өгч байна. 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор дутсан хөрөнгөө нөхөж гүйцээх даалгавар өгч байгаа юм. Үүний дагуу нэр бүхий банкууд ажиллаад эхэлчихсэн.
-Банкууд дутсан хөрөнгөө хаанаас, яаж нөхөх боломжтой вэ?
-Өөрийн хөрөнгөө гүйцээх олон арга зам бий. Тухайлбал, гаднаас хөрөнгө оруулалт олж ирэх, хувьцааныхаа тодорхой хэсгийг зараад хувьцаа эзэмшигчдийнхээ тоог нэмэх, чанаргүй зээлээ буцааж төлүүлж болно гэх мэт маш олон арга зам байгаа. Энэ чиглэлд манай банкууд ерөнхийдөө ажилдаа орчихлоо. Монголын банкны салбарын нийт актив 28 их наяд төгрөг байдаг. Үүнтэй харьцуулахад 511 тэрбум төгрөг их мөнгө биш. Манай банкууд энэ ондоо багтаад дутагдаж байгаа өөрийн хөрөнгөө нөхөж гүйцээх байх гэж Төвбанкны Ерөнхийлөгчийн хувьд найдаж байгаа.
-Хэрвээ заасан хугацаанд дутагдалтай хөрөнгөө нөхөж чадахгүй бол ямар арга хэмжээ авах вэ, дампуурах эрсдэл хүлээж байгаа шүү дээ?
-Нөхөж гүйцээхгүй бол Банкны тухай хуулиар тухайн банкуудад албадлагын арга хэмжээг авна. Тодруулбал, Банкны тухай хуульд банкны бүрэн эрхт төлөөлөгч томилоод зургаан сарын хугацаатай төлөвлөгөө гаргаад тухайн банкийг аврах үйл ажиллагаа явуулна. Өөрөөр хэлбэл, одоо банкийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид банкны удирдлагын эрх үүргээ Монголбанканд алдана гэсэн үг. Аврах үйл ажиллагаа явуулаад өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж чадахгүй бол банкийг дампууруулах хүртэлх арга хэмжээ авах эрх Монголбанкинд бий. Үүнийг манай банкныхан ойлгочихсон учраас хөрөнгө, мөнгөний эрэлд маш эрчтэй явж эхэлсэн. Тиймээс заасан хугацаанд хөрөнгийн дутагдлаа нөхчих болов уу гэж найдаж байна.
-Эрсдэлд орсон банкийг жишээлбэл, төр ямар замаар худалдаж авах вэ, төрийн мэдлийн банкны тоог нэмнэ гэсэг үг үү?
-Төр Засгийн газрын хувьцаа гаргаж хөрөнгө оруулалт хийж аваад тодорхой хугацааны дараа дотоодын болон олон улсын санхүүгийн зах зээлд гаргаж, борлуулаад оруулсан хөрөнгөө буцааж авна гэсэн үг. Тиймээс төрд ямар нэгэн алдагдал, хохирол үүсэхгүй. Гол нь арилжааны банкуудыг хариуцлагажуулах маш чухал ач холбогдолтой хууль юм.
-Хуулийн төслийг яагаад хаалттай горимоор хэлэлцээд байгаа юм бэ. Хаалттай хэлэлцээд байгаа учраас банкууд хүнд байдалд орсон гэсэн хардлага төрөөд байна л даа?
-Энэ хуулийг нууцлаад байх шаардлага байхгүй. Хуулийн хэлэлцүүлгийн явцад харилцагчдын эрх ашгийг хөндсөн зүйлсийг ярьж байгаа учраас хаалттай горимоор хэлэлцэж байгаа юм.
-Өөрийн хөрөнгийн дутагдалд орсон банкуудыг төр хуулийн хүрээнд хамгаалах нь ямар ач холбогдолтой талаар мэдээлэл өгнө үү. Энэ хуулийн хүрээнд төрийн зүгээс хувийн арилжааны банкуудыг биш хадгаламж эзэмшигчид буюу иргэдээ, эдийн засгаа хамгаалж байгаа юм байна шүү дээ?
-УИХ-аар хэлэлцэж байгаа Банкийг дахин хөрөнгөжүүлэх хуулийн төсөл бол хадгаламж эзэмшигч, харилцагчдын эрх ашгийг хамгаалах, банкны системийн тогтвортой байдлыг хангах, цаашид Монголын эдийн засгийг хамгаалахын төлөө л хийж байгаа ажил. Энэ бол маш ажил, маш том шинэчлэл. Ойрын 10-20 жилд хийгээгүй, банкны салбарын шинэчлэл гэж ойлгож болно. Бусад улс оронд байдаг жишгийг л бид Монголд гаргах, батлуулах процесс өрнөж байна.
-Тэгэхээр хуулийн нэрээр банкуудад мөнгө тараах тухай ойлголт огт биш юм байна гэж ойлголоо?
-Хүмүүсийн ойлголт харилцан адилгүй байгаа учраас хуулийн хэлэлцүүлгийг амаргүй нөхцөлд өрнүүлж байна. Банкийг дахин хөрөнгөжүүлнэ гэдэг нэрээр төрийн мөнгийг банкуудад өгөх гэж байна гэж хүртэл намайг хардаж байна. Угтаа энд ямар ч тийм ойлголт байхгүй. Наад зах нь хадгаламж эзэшигч, харилцагчдаа хамгаалахын тулд цаашлаад банкны системийн, улс орны эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, хамгаалахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ. Банкуудыг хамгаалж өмгөөлсөн зүйл огт биш. Харин ч тэднийг сахилгажуулж, шахаж буй хууль юм шүү дээ.
-Таван банк заасан хугацаанд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж чадахгүй бол төр авна гэж байна. Банкуудыг худалдаж авах эдийн засгийн чадамж төрд бий юү. Нөгөөтэйгүүр төр мэдэлдээ авснаас хойш хэр хугацаанд тухайн банкныхан буцааж авах боломжтой вэ, хугацаа заасан уу?
-Засгийн газар бэлэн мөнгө оруулахгүй. Хувьцаа гаргана. Харин гаргасан хувьцаагаа Засгийн газар таван жилийн дотор буцааж борлуулаад оруулсан мөнгөө олж авна гэсэн үг. Одоо банкны хувьцааг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид буцаагаад Засгийн газрын хувьцааг авч болно. Тэдэнд боломж олгох хэрэгтэй шүү дээ. Мөн дотоод, гадаадын зах зээлд санал болгоно. Ийм байдлаар Засгийн газар оруулсан хувьцаагаа мөнгөжүүлээд авчих юм. Гэхдээ би дахин хэлье, активын чанарын үнэлгээгээр дутагдсан 511 тэрбум төгрөг бол манай улсын ДНБ-ий 1.9 хувьтай тэнцэж байгаа буюу банкны салбарын нийт 28 их наяд төгрөгтэй харьцуулахад тун бага мөнгө. Гол нь ийм хууль гаргаснаар банкны хувьцаа эзэмшигчид өөрчлөгдөх, шилжих, төрд банкаа шилжүүлэх асуудал байгаа учраас олон нийтийн яриад байгаа шиг биш, эсрэгээрээ банкууд маш хурдтай шинэчлэгдэж, өөрийн хөрөнгийн дутагдлаа нөхөх байх гэж харж байна. Хувьцаа эзэмшигчид тийм ч амархан банкаа төрд өгчихгүй болов уу.
-Банкийг дахин санхүүжүүлэх хууль гаргахын ач холбогдлыг та юу гэж дүгнэх вэ?
-Хамгийн гол ач холбогдол нь банкны системдээ иргэд, олон нийт итгэж болно. Ямар нэгэн доргио, донсолгоо үүсэхгүй гэдэгт итгэлтэй байж болно. Үүний тулд төрөөс ийм арга хэмжээ авч, хууль гаргахаар ажиллаж байгааг тодотгоё.
-Тэгэхээр УИХ-аас энэ хуулийг баталлаа ч хэрэгжүүлэхгүй байж болох юм байна шүү дээ?
-Хууль баталсан л бол хэрэгжих ёстой шүү дээ. Гэхдээ энэ хуулийг хэрэглэх нөхцөл бололцоо үүсэхгүйгээр буюу түүнээс өмнө банкууд өөрсдийнхөө асуудлыг заасан хугацаанд шийдчихэж чадах байх гэж найдаж байна.
-Нэр бүхий банкууд заасан хугацаанд өөрийн хөрөнгийн дутагдлаа нөхөж чадахгүй бол төрийн мэдэлд шилжих нь. Төр харин нээлттэй хувьцаа гаргаад гадаад, дотоодын зах зээлд борлуулна гэлээ. Гэтэл гаднынхан бүх хувьцааг нь худалдаад авчихвал яах вэ. Энэ тохиолдолд банк, санхүүгийн салбарт гаднынхан ноёлох нөхцөл үүсчих юм биш үү?
-Тийм эрсдэл бий. Тиймээс одоо банкны хувьцааг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид туйлын хариуцлагатай ажилла. Дутагдаж байгаа өөрийн хөрөнгийг Монголбанкнаас тогтоосон хугацаанд заавал бүрдүүлэх хэрэгтэй.
М.ӨНӨРЖАРГАЛ
Сэтгэгдэл (1)
Зочин (66.181.186.9)
Энэ үнэнхүү дүнхүү БАНКИР юмаа.2020 оны МАН-ын сонгуулийн мөнгө босголт болохнээ гэсэн өнцгөөс харж.бна.Өмнө нь төрийнх ч бай чадалтай,төлбөрийн чадвартай банкуудыг та нар аль ч нам гэлтгүй.хуюаагаад цусалчихсан шүү дээ.Одоо бүүр татварын хэдийгээ өгөөд болохгүй бол төр эргүүлж аваад хувааж иднэ гэнэ үү.Ийм л нөхдүүд энэ орныг сүйрүүлж бгаа юм даа.ТА ЭРТХЭН МХХОЛБОО руугаа.марш...