Кремль Сөрөг хориг тавих тухай хууль батлав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тааламжгүй харилцаатай улс, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа хязгаарлах, бүрмөсөн зогсоох зорилго бүхий Сөрөг хориг тавих тухай хуулийн төсөлд гарын үсэг зуржээ. Энэ хуулийг гаргаж буй нь ОХУ- ын ашиг сонирхол, аюулгүй байдал, улс орны эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, мөн ард иргэдийн эрхийг хамгаалахад чиглэсэн гэж эх сурвалжид онцолжээ. Кремлийн мэдээлснээр, уг хууль нь Оросын иргэн, хуулийн төлөөлөгчдөд хориг арга хэмжээ авсан байгууллага, хувь хүнд үйлчлэх юм байна. Хуулийн төслийг бүрэн эхээр нь Кремлийн албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн байна. Хуулийн төслийн анхны хувилбарт, ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг гадаадын оролцоотой бараг бүх компани, банкуудыг хамруулахаар заасныг эцсийн уншлагаар хассан аж. Мөн эм, эмнэлгийн бүтээгдэхүүн чухал хэрэгцээтэй бараа үйлдвэрлэгчдийг хуульд хамруулахгүй хэмээн тусгалаа. Энэ удаагийн хууль нь бүхэлдээ ОХУ-ын эсрэг хориг тавьж, олон улсын тавцанд ганцаардуулах бодлого барьж буй АНУ болон түүний холбоотнууд руу чиглэжээ. АНУ ОХУ-ыг компани, төрийн албан хаагч, топ менежерүүдэд хориг тавих тухай хуулийг өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсны хариу болгон төрийн Думаас энэ хуулийг өнгөрсөн сарын 22-ны өдөр баталжээ.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)