Тегеран уран баяжуулах хүчин чадлаа нэмэгдүүлнэ
- 2018-06-07
- Дэлхий
- 0
Ираны дээд удирдагч Аятолла Сайед Аль Хаменеи уран баяжуулах хүчин чадлаа 190 мянгад хүргэж нэмэгдүүлэхийг улсынхаа цөмийн эрчим хүчний байгууллагад үүрэг болгожээ. Энэ талаар Ираны үндэсний телевизийн мэдээлсэн байна. Ираны цөмийн асуудлаарх зургаан талт хэлэлцээрийг 2015 оны долоодугаар сард байгуулсан билээ. Хэлэлцээрийн дагуу, цөмийн төлөвлөгөөг хязгаарлахын зэрэгцээ цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах эрх эдэлнэ гэж Иран улс амлаж, Олон улсын хамтын нийгэмлэг Иранд хэрэгжүүлж байсан хориг арга хэмжээгээ цуцалсан юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираны цөмийн хэлэлцээрээс гарахаа өнгөрсөн сард мэдэгдсэн бөгөөд цөмийн асуудлын улмаас Иранд тавьсан хориг арга хэмжээг дахин хэрэгжүүлэхээ мэдэгдсэн билээ. Ираны эрх баригчид “Цөмийн хэлэлцээрт түр үлдэж, гэрээний асуудлаар бусад талтай зөвшилцөнө. Хэрвээ хэлэлцээрийн тогтоол Тегераны эрх ашгийг хамгаалж чадахгүй бол Ираны цөмийн эрчим хүчний байгууллага ямар ч төвшний уран баяжуулах үйл ажиллагаагаа эхлүүлнэ” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Өнгөрсөн хугацаанд Олон улсын хамтын нийгэмлэг, Ираны цөмийн гэрээнд нэгдсэн Европын гурвал болох Их Британи, Франц, Германы талууд Вашингтоныг гэрээнээс гарах шийдвэрээсээ түдгэлзэхийг ятгаж, ихээхэн хүчин чармайлт гаргасан ч Цагаан ордны тэргүүн Тегераны асуудлаарх байр сууриасаа татгалзаагүй юм.
Харин ч Ираны эрх баригчид цөмийн уран баяжуулах үйл явцаа сэргээсэн нь Вашингтоны шийдвэрт өгсөн хариу цохилт хэмээн ажиглагчид онцолж байна. Ираны цөмийн агентлагийн тэргүүн Али Акбар Салехи сэтгүүлчдэд хандан Натанз дахь цөмийн бааздаа тулгуурлан шинэ центрифуг барихаар төлөвлөж байгаа талаараа мэдэгджээ. Иран улс ийнхүү Америкийн дайсагнасан үйлдлийн хариуд цөмийн уран баяжуулах хөтөлбөрөө сэргээх хүсэлтээ Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагт албан ёсоор мэдэгдсэн аж. Али Акбар Салехи “Хэрвээ хэвийн горимоороо ажиллаж байсан бол бидэнд 6-7 жилийн хугацаа шаардагдах байсан. Гэвч энэ ажлыг бид хэдэн долоо хоног, хэдэн сард амжуулж чадна” гэж цөмийн уран баяжуулах хөтөлбөрийнхөө талаар мэдэгджээ. Ираны Натанз баазад ураны гекса фторидийн хий үйлдвэрлэж, 235 ураны тогтворгүй изотоп ялгаруулах центрифугт нийлүүлэх юм. Энэхүү изотоп нь иргэний зориулалттай цөмийн реакцид өргөнөөр ашиглагддаг байна. “Иран олон улсын цөмийн шинжээчидтэй илүү нягт хамтарч ажиллах боломжтой" гэж Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас мэдээлжээ. Олон улсын шинжээчид өнгөрсөн онд Ираны цөмийн туршилтын талбайнуудад олон удаа очиж, шинжилгээ хийсэн байна. Энэхүү хамтын ажиллагааг улам нэмэгдүүлэх нөхцөл бий гэдгийг тус байгууллагын тэргүүн Юкияа Амано онцолжээ. Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцээрээс АНУ татгалзсантай холбогдуулж хэлэлцээрийн хэрэгжилт цаашид хэрхэх нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Ираны дээд удирдагч Аятолла Аль Хаменей Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагт хандсан мэдэгдэлдээ, АНУ-ын шийдвэрээс үл хамаарч хэлэлцээрийн хэрэгжилтийг хангана гэдгээ онцолсон байна. Харин Тегераны цөмийн хэлэлцээрт нэгдсэн Европын гурвалыг төлөөлж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Ираны уран баяжуулах хөтөлбөрийн талаар мэдээлэл хийжээ. Тэрбээр Иран улстай байгуулсан олон улсын цөмийн гэрээг төгс төгөлдөр гэрээ болсон гэж хэлж чадахгүй ч асуудлыг цаашдаа олон талт байдлаар, хамтын бодлого шийдвэрээр шийдэх нь чухал гэдэг дээр баттай зогсч байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн Макрон Иран улс цөмийн уран баяжуулах хөтөлбөрөө сэргээж байгаа ч энэ нь олон улсын цөмийн гэрээнээс татгалзсан хэрэг биш гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Х.Эрдэнэзаяа
Сэтгэгдэл (0)