Бээжингээс АНУ-д анхааруулга өгчээ
- 2018-06-07
- Дэлхий
- 0
Хятадын Ерөнхий сайдын орлогч Лю Хэ, АНУ-ын худалдааны сайд Уилбур Росс нарын уулзалтын үеэр АНУ татвар нэмж, худалдааны хориг тавьсан тохиолдолд хоёр улсын хооронд тогтоосон худалдааны гэрээ хүчингүй болно гэдгийг БНХАУ анхаарууллаа. “Их 7”-гийн гишүүн орнууд АНУ ган болон хөнгөн цагааны бүтээгдэхүүний импортын татварыг нэмсэнтэй холбогдуулан дургүйцлээ илэрхийлсэн юм. Францын Сангийн сайд Брюно Ле Мэр хэд хоногийн дараа худалдааны жинхэнэ дайн эхэлнэ гэдгийг анхааруулсан аж. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп твиттер хуудастаа “Бусад улс худалдааны салбарт АНУ-ыг олон жил цөлмөлөө. Гангийн татварыг нэмснээр АНУ үйлдвэрлэгчдээ хямралаас аварна. Энэ нь үндэсний аюулгүй байдалд нэн чухал” гэж жиргэсэн. Үүнээс гадна Дональд Трамп Америкийн компаниуд Европын улс орнуудад хүндрэлтэй тулгарч байгаад гомдол гаргасан байна. Бээжинд АНУ болон Хятадын худалдааны байгууллага хооронд хийсэн яриа хэлэлцээр худалдааны алдагдлыг багасгахад чиглэж байсан. АНУ Хятадаас импортолдог ган болон хөнгөн цагааны бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмснээр эргүүлэн авахаар оролдож байгаа аж. Ирэх амралтын өдрүүдэд Канадын Квебек хотноо “Их 7”-гийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт болно. Энэ уулзалтаар татвартай холбоотой асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. 2017 онд Канад, Мексик болон Европын холбоо нийлээд АНУ-д 23 тэрбум ам.долларын үнэ бүхий ган, хөнгөн цагаан экспортолжээ. Энэ нь Америкийн ган болон хөнгөн цагааны жилийн импортын тал нь юм. Канад, Мексик, Европын холбоо хариу арга хэмжээ авахаа мэдэгдэж байна. Тухайлбал, Европын холбоо АНУ-аас авдаг “Харлэй Дэвидсон” мотоцикл болон вискиний гаалийн татварыг нэмэхээр боллоо. Канад улс ирэх сарын 1-нээс эхлэн 13 тэрбум ам.долларын үнэ бүхий Америкийн барааны импортын татварыг 25 хувь хүртэл нэмэхээ мэдэгджээ.
Х.Заяа
Сэтгэгдэл (0)