ОХУ Австрид байгалийн хий нийлүүлнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин төрийн тэргүүнээр улиран сонгогдсоныхоо дараах анхны гадаад айлчлалаа Австри улсаас эхлүүллээ. В.Путин Австрийн нийслэл Вена хотноо ажлын айлчлал хийж, тус улсын Ерөнхийлөгч Александр ван дер Беллен болон Холбооны канцлер Себастьян Курц нартай уулзсан байна. Оросын төрийн тэргүүнийг Австрийн тал ёслол хүндэтгэлтэй угтан авч, Хофбург дахь Ерөнхийлөгчийн өргөөний гадна хүндэт харуул жагсч, хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлжээ. Австри улс нь ОХУ-ын хувьд Европын холбоо дахь ойрын холбоотон, гол хамтрагч улс орнуудын нэг юм. Венад болсон ажил хэрэгч албаны уулзалт хэлэлцээрийн үеэр талууд Европын холбооноос Оросын эсрэг тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээний талаар голчлон хэлэлцжээ.

Австрийн Ерөнхийлөгч энэ сэдвийг хөндөхдөө хэдийгээр улс орон нь энэ асуудал дээр нэгдсэн Европын байр суурийг дагаж мөрдөж байгаа ч цаашид Оросын талтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх хүсэлтэйгээ илэрхийлжээ. Орос, Австрийн хамтарсан яриа хэлэлцээрийн үеэр талууд хэд хэдэн чухал гэрээ хэлцэлд гарын үсэг зурсан байна. Тэдгээрийн дотор хоёр улсын хооронд Давхардсан татвар ногдуулах үйл явцаас сэргийлэх конвенцид нэгдэх, ойн аж ахуй, инновацийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх санамж бичиг, мөн түүнчлэн Оросын “Газпром” компани, Австрийн газрын тос, байгалийн хийн “OMV” концернд 2040 он хүртэл байгалийн хий нийлүүлэх гэрээ байгуулсан байна.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)