Владимир Путин, Ши Зиньпин нар 25 дахь удаагаа уулзах гэж байна
- 2018-06-08
- Дэлхий
- 0
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр БНХАУ-ын зүг хүлгийн жолоо зална. Тэрбээр БНХАУ-ын дарга Ши Зиньпинтэй уулзах юм. Удирдагчид эхлээд нүүр тулан уулзаж, дараа нь өргөн бүрэлдэхүүнтэйгээр яриа хэлэлцээ хийж, эцэст нь баримт бичигт гарын үсэг зурна.
Путины энэ удаагийн айлчлал төрийн хэмжээний айлчлал, мөн түүний Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсоны дараа Ши Зиньпинтэй уулзаж буй анхны айлчлал. Энэ удаагийн уулзалт нь Владимир Путин, Ши Зиньпин хоёрын хувьд 25 дахь удаагийн уулзалт юм.
Путины энэ айлчлал хоёр орны харилцаанд шинэ эрч хүч өгөх ёстой. Айлчлалын үеэр 20-иод баримт бичигт гарын үсэг зурах юм байна. Үүнд эрчим хүчний салбарын тохиролцоо эн тэргүүнд тавигдаж байна. Хятад улс Оросоос авах байгалийн хийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж байна. Мөн атомын эрчим хүчийг энхийн зорилгод ашиглах тохиролцоо бий.
Саяхан Тяньваны атомын цахилгаан станцын хоёр тогоог ашиглалтад оруулсан, автомашин болон төмөр замын тээврийн асуудал бий. Олон улсын асуудлын хувьд АНУ-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалт, Солонгосын хойгийн зохицуулалт, Сирийн байдал гээд хоёр удирдагчид хэлэлцэх, санал солилцох асуудал зөндөө байна.
Путин БНХАУ-ын даргатай уулзсаныхаа дараа 9-10-нд Циндао хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Циндаогийн уулзалтын анхаарлын төвд даяарчилсан аюулгүй байдлын асуудал байна.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орны тоо хоёроор нэмэгдэж найм болоод байгаа. Анх удаа Энэтхэг, Пакистан хоёр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүний хувьд дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Одоо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвний нэгийг эзэлсэн, тус байгууллагын гишүүн орнуудад гурван тэрбум гаруй хүн оршин сууж байна. Энэ нь дэлхийн хүн амын бараг тал хувь нь гэсэн үг юм.
Б.Саруул
Сэтгэгдэл (0)