Бээхай нуурыг чимсэн Ордон хот

“Бээжин хотыг монголчууд байгуулалцсан” хэмээх үг үнэний хувьтай. Хубилай хаан эзэнт гүрний төвийг 1264 онд Бээжинд шилжүүлэн Дайду буюу Их нийслэл хэмээн нэрийджээ. Энэ үеэс Бээжингийн их бүтээн байгуулалт эхэлсэн бөгөөд урьд нь энгийн нэг хот байсан бол их гүрний нийслэл болсон юм. Юань гүрний хаад төвлөн суух хугацаандаа Бээжинг тэлж, үзэсгэлэнтэй сайхан хот болгон хөгжүүлсэн байдаг. Монголын эзэнт гүрний соёлын харилцааг даган Бээжинд урлаг, утга зохиол, шинжлэх ухааны олон салбар эрчимтэй хөгжжээ. Тухайн үеийн Дайду нь хаант төр, яам, тамгын газрууд байрладаг Дотоод, Ордон, Бат хот гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэж байв. Эдгээрээс Юань гүрний эзэн хаадын харш голлон төвлөсөн Ордон хотын талаар товч дурдъя. Ордон хот оршиж байсан тэр газар буюу өнөөгийн Бээжин хотын төвд Сичөн дүүрэгт Бээхай хэмээх цэцэрлэгт хүрээлэн бий. Умард далай гэх Бээхай цэцэрлэгт хүрээлэнд Хятадын Тан, Сүн улсын хаад амарч зугаалдаг байсан түүхтэй. XIII зуунд Монголын Юань гүрний үед ихэд цэцэглэн хөгжиж өнөөгийн дүр төрхөө олсон энэ газарт Хубилай хааны гол ордон, хатад, ханхүү, гүнжүүдийн өргөө, төрийн албад, ёслол хүндэтгэлийн орд харш оршиж байжээ.

Тухайлбал, Их хааны өргөө, Түмэн наст арал буюу дээдсийн амралт зугаалгын газар, Буян бадралт, Хувилгаан мандалт ордон тэргүүтэй ханхүү, хатдын харш, Ордны цэцэрлэгт хүрээлэн буюу төрийн ёслол хүндэтгэлийн газар нь Ордон хотын чимэг болж байсан юм. Марко Пологийн аяллын тэмдэглэлд “Нийслэл хотноо их хааны асар том орд өргөө байрладаг. Ордныг тэгш өнцөгтэй, тэгш хэмт дөрвөлжин хэрмээр хашиж хүрээлсэн байх бөгөөд урт нь тус бүр нэг бээр болой. Энэ хэрмийн хана маш зузаан, ханын өндөр нь арван тохой. Хэрэм нь бэхлэлт хамгаалалтын хэлбэр хийцтэй. Хэрмийн дөрвөн өнцөгт уран гоё хийц, тоноглолтой дөрвөн том харш байх бөгөөд тэдгээр нь цэрэг зэвсгийн дэлгүүр юм. Мөн хэрмийн ханын дунд биед дээрхийн адил дөрвөн том харш бий бөгөөд тэдгээр нь цөм зэвсгийн агуулах билээ. Ийнхүү хэрэм дотор найман том орд өргөө бий. Гадаад хэрмийн дотор бас нэгэн хэрэм буй. Энэ давхар хэрэм дотор их хааны орд өргөө байх бөгөөд энэ бол миний л үзэж харсан орд харш дотроос хамгийн сүрлэг нь. Ордон доторх өрөө, танхимуудыг алт, мөнгөөр доторлож, луу, шувуу, морьтон эрсийн болон янз бүрийн зэрлэг ан араатны тулалдааныг дүрсэлсэн зургаар чимсэн. Адар нь мөн ялгаагүй алт, мөнгөөр доторлож зургаар чимсэн байлаа. Гол танхим нь маш уудам саруул төдийгүй зургаан мянган эрс элбэг багтахаар уужим зайтай билээ. Ордны хойд хэсэгт уужим саруул өрөө тасалгаатай сууц, өргөө, танхим байрласан байна. Энд их хааны хувийн эд хөрөнгө хадгалаастай байдаг. Энэ хэсэгт хааны эрдэнэсийн сан байх бөгөөд тэнд алт, мөнгө, эрдэнийн чулуу, сувд тэргүүтэн овоолоостойгоос гадна алт, мөнгө, болор шилэн сав суулга дүүрэн. Ордны энэ хэсэгт гаднын хүн хөл тавих хориотой” хэмээн энэ хотын талаар дурджээ.

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)