Ким Жон Ун Сингапурыг зорилоо
- 2018-06-11
- Дэлхий
- 0
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай товлосон уулзалтаа хийхээр Сингапурыг зорьжээ. “Рёнхап” агентлагийн мэдээлснээр Ким Жон Уны онгоц Пхеньяны нисэх онгоцны буудлаас орон нутгийн цагаар 08.30 цагт хөөрсөн байна. Ким Жон Уны хөлөглөсөн Умард Солонгосын “Эйр Корёо” авиакомпанийн “Ил-62” нисэх онгоц нь Пхеньян- Ухань чиглэлд нислэг үйлддэг агаарын хөлөг аж. АНУ, БНАСАУ-ын удирдагчдын түүхэн уулзалтын бэлтгэл ажил хангагдсан талаар Сингапурын хэвлэлүүд мэдээлж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн уулзалтыг тохиолдуулан Сингапурын зоогийн газар, үйлчилгээний газрууд хоолны цэсээ шинэчилж эхэлжээ. Тухайлбал, “Harmony Nasi Lemak” нэртэй хоолны газар “Трамп- Ким” нэртэй стейк санал болгож байгаа аж. Хайр, энх тайвныг бэлгэдсэн уг хоолны орцод америк үхрийн мах, солонгос кимчи багтсан гэнэ.
Мөн “Ким Жон Ун цөмийн зэвсгээс татгалзахад бэлэн байгаагаа илэрхийлсэн” талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгдлээ. Тэрбээр “АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд хоёр тал шууд яриа хэлэлцээр хийсэн. Умард Солонгос цөмийн зэвсгээс татгалзахад бэлэн байгаагаа мэдэгдсэн. Надад Ким Жон Унтай уулзах завшаан хоёр удаа тохиосон. Тэрбээр хийхээр төлөвлөсөн зүйлсээ шууд илэрхийлдэг хүн. Бидний даван туулах ёстой сорилтууд тодорхой байгаа. Хоёр удирдагчийн уулзах шалтгаан бол энэ. Талууд санал бодлоо солилцох боломжтой болсноор цаашид хэрхэх талаар чиглэлээ тодорхойлох нөхцөл бүрдэх юм” гэж мэдэгдлээ.
Х.Заяа
Сэтгэгдэл (0)