Д.Трамп: ОХУ-ыг нэгтгэн “Их 8”-ыг байгуулъя

Канадын Квебек хотод “Их 7”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалт боллоо. Уулзалтаар Оросын асуудал болон Америкийн татварын шинэ бодлогыг хэлэлцсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бүлэгт ОХУ- ыг эргэн нэгтгэх уриалга гаргасан нь олон улсын анхаарлыг татсан юм. Дээд хэмжээний уулзалтын эхний өдрийн хэлэлцээрээр Герман, Их Британи, Франц, Италийн төр засгийн тэргүүнүүд 2014 онд гишүүнчлэлээсээ хассан ОХУ-ыг эргэн нэгтгэхээс татгалзсан байр сууриа илэрхийлжээ. Канадыг зорихоос өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Их 8” бүлгийг сэргээх санаачилга гаргасан. Тус бүлэг 2014 онд ОХУ-ыг хассанаар “Их 7” гэгдэх болсон бөгөөд АНУ-аас гадна Их Британи, Итали, Канад, ХБНГУ, Франц, Япон улс багтдаг. Д.Трамп “Оросыг “хөөснөөр” “Их 7” болсон бид Москвагийн талыг эргүүлэн нэгтгэх нь чухал. Учир нь Москва бидний хамт хэлэлцээрийн ширээний ард суух ёстой. Би Оросын хувьд “Хар дарсан зүүд” байх. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Цагаан ордны тэргүүний суудалд намайг биш Хиллари Клинтоныг харахыг хүсч байсан байх” гэж мэдэгдсэн юм. Цагаан ордны тэргүүний уриалгыг Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте дэмжиж “Ерөнхийлөгч Д.Трамптай санал нийлж байна. Орос улс “Их 8”-д эргэн ирэх ёстой. Энэ нь бүгдийн ашиг сонирхолд нийцнэ” гэжээ.

Харин Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск одоогийн долоон орны гишүүнчлэл бүхий хэлбэрээ бэхжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэлээ. Мөн ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, Италийн Сайд нарын зөвлөлийн тэргүүн Жузеппе Конте нар “Москватай хэлэлцээр хийхэд бэлэн ч гишүүнээр эргүүлэн авахгүй” гэдэг шийдвэрт хүрсэн байна. Герман, Их Британи, Итали, Францын төр засгийн тэргүүлэгчдийн уулзалт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны санаачилгаар болжээ. Харин Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров “Манай улс “Их 8”-д элсэх өргөдөл гаргаагүй. Энэ бүлэгт элсэх шаардлага багассаныг ОХУ-ын тал удаа дараа мэдэгдсэн” хэмээжээ. Олон улсын улс төр болон эдийн засгийн асуудалд Оросын идэвхтэй байр суурь баримталдаг “Их 20” зэрэг бүлгийн үүрэг, нөлөө нэмэгдэж байгаатай холбон тайлбарлаж байгаа юм. Шинжээчид Д.Трампын санаачилгыг ОХУ олон улсын тавцанд байр сууриа бататган бэхжүүлж, илүү ашиг хүртэхвий гэсэн болгоомжлолтой холбон тайлбарлаж байна.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)