Солонгосын дайныг төгсгөх гэрээнд гарын үсэг зурж магадгүй

АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүний дээд хэмжээний уулзалт Сингапурт өнөөдөр орон нутгийн цагаар 09.00 цагт эхлэх юм. Дэлхий нийтийн анхаарлын төвд буй түүхэн уулзалтын зохион байгуулалтад арлын улс өндөр ач холбогдол өгч, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байна. Сингапурын уулзалт бол Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг тогтворжуулах ховор боломж гэж олон улсын ажиглагчид дүгнэж байгаа билээ. Тиймээс уулзалт “гайхалтай” үр дүнд хүрнэ гэж хоёр улсын тэргүүн урьдчилан мэдэгдсэн юм. Энэхүү уулзалтын талаар Умард Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлагаас “Хоёр улсын удирдагч БНАСАУ-ын хооронд харилцааны шинэ хэм хэмжээ тогтоох, Солонгосын хойгийг зэвсэггүй бүс болгох, энхтайван механизм тогтоох асуудлыг хэлэлцэнэ” гэсэн байна.

Ким Жон Ун цаашдаа АНУ-тай олон улсын хэм хэмжээний хүрээнд ижил тэгш харилцааг хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа гэдгийг уг мэдээлэлд онцолжээ. Уулзалтын явцаас хамааран яриа хэлэлцээр хоёр өдөр үргэлжилж магадгүйг АНУ-ын албаны хүмүүс мэдээллээ. Сингапурын Ерөнхий сайд Ли хоёр улсын удирдагчийн төрийн дээд хэмжээний айлчлалын зардалд ойролцоогоор 15 сая ам.доллар зарцуулснаа хэвлэл мэдээллийн төвд хийсэн мэдэгдэлдээ дурдсан байна. Мөн Ким Жон Унтай хийх уулзалтын эхний хором мөчөөс л уулзалтын гол зорилго болох Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох “хүсэмжит” үр дүнд хүрэх эсэх тодорхой болно гэдгийг Д.Трамп онцлон тэмдэглэсэн. Уулзалт амжилттай болвол Цагаан ордны захиргаа Ким Жон Унд АНУ-д төрийн айлчлал хийхийг урьж магадгүй гэнэ. Түүхэн уулзалтын хүрээнд 1950-1953 оны Солонгосын дайн дууссаныг илтгэх гэрээнд гарын үсэг зурж магадгүй гэдгийг Цагаан ордны тэргүүн үгүйсгээгүй. Магадгүй энэ гэрээг үзэглэснээр Пхеньяны цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг зохицуулах эхний алхамыг хийнэ гэж харж байна. АНУ-ын тал Пхеньянд Элчин сайдын яамаа нээж магадгүй гэж барууны хэвлэлүүд онцолжээ. Өнөөдөр эхэлсэн дээд хэмжээний уулзалтаар аливаа гэрээ, баримт бичигт талууд гарын үсэг зурахаар төлөвлөөгүй талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн юм. Харин өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Сингапурын уулзалтын дүнд нэгдсэн тунхаг гаргаж магадгүй гэдгийг зарласан юм. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлыг нэг удаагийн уулзалтаар шийдвэрлэх боломжгүй.

КИМ ЖОН УН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ЗОЧИД БУУДЛЫГ СОНГОВ

Хоёр улсын тэргүүн өнгөрсөн ням гарагт Сингапурт очсон билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канадын Ла Мальбе дахь “Их 7”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтыг хугацанаас өмнө орхисон юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын онгоц Сингапурын зэвсэгт хүчний Пайя-Леба дахь цэргийн баазын нисэх буудалд газарджээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн цуваа нисэх буудлаас Сингапурын төвд орших “Шангри-Ла” зочид буудлыг зорьсон юм. Дональд Трампын цувааг цагдаагийн 20 гаруй автомашин хамгаалжээ. Зочид буудлын гадна цугласан хэвлэлийнхэнд Цагаан ордны тэргүүн ярилцлага өгөхөөс татгалзсан байна. Тэрбээр Сингапурыг зорихоос өмнө дээд хэмжээний уулзалтаас эерэг үр дүн хүлээж байгаагаа мэдэгдсэн. Харин Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Сингапурын хамгийн үнэтэй гэгддэг “St. Regis” зочид буудалд тухалжээ. Тус зочид буудлын Ерөнхийлөгчийн өрөө хоногийн 8000 ам.долларын үнэтэй аж. Ким Жон Уны хөлөглөсөн бүрэн тоноглосон хар өнгийн “Мерседес” маркийн автомашин бүхий цувааг Умард Солонгосын Нийгмийг аюулаас хамгаалах яамны комиссарууд хамгаалж байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлснээр лимузинг өнгөрсөн ням гарагт “Ил-76” ачаа тээврийн онгоцоор Чанги олон улсын нисэх буудалд тээвэрлэн хүргэжээ. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны хувьд энэ удаагийн айлчлал нь хамгийн хол зайд хийж байгаагаараа онцлогтой. Өмнө нь БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Бээжин хотноо уулзсан, мөн Хоёр Солонгосын хилийн бүсийн Пханмунжом хотод БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзаж байсан юм. Ким Жөн Ун Сингапурын “Fullerton” зочид буудалд байрлана гэж мэдээлж байсан ч аюулгүй байдлаа харгалзан байрлах зочид буудлаа сольжээ. Аюулгүй байдал, ойролцоох гудамж талбайг хаах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах зэрэг шалгуурыг “St. Regis” болон “Шангри-Ла” зочид буудлууд хангажээ. Түүхэн дээд хэмжээний уулзалтын аюулгүй байдлыг сахиулахаар цагдаа хүчний 23 мянган алба хаагч ажиллаж байна. Сингапурын цагдаагийн албанд хувийн хамгаалалтын компаниуд, зэвсэгт хүчин, Балбын гуркхи цэргүүд нэгджээ. Уулзалт болох Сентоза аралд аюулгүй байдлыг дээд зэргээр сахиж онцгой бүс болгон бэлтгэснээ Сингапурын эрх баригчид мэдээлсэн юм. Тодруулбал, агаарын бүсэд нисгэгчгүй төхөөрөмж нисгэхийг хоригложээ.

ТҮҮХЭН УУЛЗАЛТ ПХЕНЬЯН, ВАШИНГТОНД ҮРГЭЛЖИЛНЭ ГЭВ

Түүхэн уулзалтын уур амьсгал, үр дүнгээс цаашид Вашингтон Пхеньяны эсрэг хоригоо чангатгах, зөөлрүүлэх эсэх нь шалтгаална. Ямартай ч дээд зэргийн дарамт шахалт гэдэг ухагдахууныг дахин БНАСАУ-ын эсрэг хэрэглэхийг хүсэхгүй байгаагаа Дональд Трамп мэдэгдсэн юм. “Чонин илбо” тэргүүтэй эх сурвалжууд АНУ- ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар Пхеньянд ирэх сард дахин дээд хэмжээний уулзалт хийж магадгүй хэмээн мэдээллээ. Сингапурын дээд хэмжээний уулзалтаас гарах шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд Вашингтоны тал Пхеньянтай дипломат харилцаа тогтоож, БНАСАУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ цуцалж магадгүй гэнэ. Солонгосын хойгийн зэвсэгт мөргөлдөөний улмаас хоёр улсын дипломат харилцаа тасарсан бөгөөд нэг ч энхийн гэрээнд гарын үсэг зураагүй юм. “Киодо” агентлагийн мэдээлснээр хэлэлцээр амжилттай болбол дээд хэмжээний уулзалтын удаах алхам Пхеньянд ирэх сард, гурав дахь шат Вашингтон хотод ирэх есдүгээр сард болох төлөвтэй байна.

Х.Эрдэнэзаяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)