Орост тавтай морил

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2014 онд Бразил улсад амжилттай болж Германы шигшээ баг ялалтын цомоо дөрөв дэх удаагаа өргөсөн билээ. Хүн төрөлхтний спорт гэгддэг хөлбөмбөгийн 21 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлт Улаанбаатарын цагаар өчигдөр 22.00 цагт эхэлж Орос улс дэлхий дахины анхаарлын төвд орлоо. Нээлтийн дараа Москвагийн Улаан талбай, Арбатын гудамж, “Лужники” цэнгэлдэх хүрээлэн олон орны хөлбөмбөг сонирхогчдын хөлд дарагдаад байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх өдөр хуралдсан ФИФА-гийн хуралд Ерөнхийлөгч В.Путин оролцож “ОХУ дэлхий дахинд үүд хаалга, сэтгэл зүрхээ нээлээ. Та бүхэн Орос оронд тавтай морилж, хөлбөмбөгийн аваргын тэмцээнийг үзнэ үү. Хөгжөөн дэмжигчдэд дан ганц дэмждэг баг, хайртай тамирчныхаа авьяас чадварыг биш, харин Оросын түүх, соёл, байгаль, ард түмний чин сэтгэл, халуун дотно, найрсаг занг ойлгуулахыг хүсч байна” хэмээлээ. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийг 20 улсын төр, засгийн тэргүүн үзэж, сонирхжээ. Дашрамд өгүүлэхэд, энэ удаагийн тэмцээнээс Олон улсын хөлбөмбөгийн холбоо хамгийн их буюу 6.1 тэрбум ам.долларын ашиг олох төлөвтэй байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, ивээн тэтгэгчдийн гэрээ, телевизийн шууд дамжуулалтын эрхийн худалдаанаас тус холбоо төлөвлөж байснаасаа 10 хувиар илүү ашиг олох гэнэ. Бразилд 2014 онд болсон дэлхийн аваргын тэмцээнээс ФИФА 4.8 тэрбум ам.долларын орлого олсон юм.

ХАМГИЙН СУЛ ТОГЛОЛТ БОЛОВ

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслол Москвагийн “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд орон нутгийн цагаар өчигдөр 18.00 цагт эхэлсэн юм. Ёслолын ажиллагааг нээж Их Британийн дуучин Робби Уильямс, Оросын дуурийн дуучин Аида Гарифуллина нар ая дуугаа өргөсөн. Мөн Бразилийн хөлбөмбөгчин Рональдо оролцож, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй 32 улсын шигшээ багт амжилт хүслээ. 80 мянган хүний суудалтай “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд нээлтийн ёслол болсны дараа эзэн орон болох Оросын шигшээ баг Саудын Арабын багтай тоглосноор дэлхийн аваргын салхийг хагалсан юм. Спорт сонирхогчдын дүгнэснээр, ОХУ, Саудын Арабын шигшээ багийн тулаан бүх цаг үеийн дэлхийн аваргын тэмцээний хамгийн сул нээлтийн тоглолт болжээ. Энэ хоёр улсын шигшээ баг ФИФА-гийн чансаанд сүүл мушгидаг билээ. Тоглолтыг Аргентины шүүгч Нестор Питана дэнсэлсэн ба Хуан Пабло Белатти, Эрнан Майдана болон Бразилийн шүүгч Сандро Рикки нар туслах шүүгчээр ажиллалаа. Нестор Питана 2014 оны дэлхийн аварга, 2016 оны зуны олимп, 2017 оны тив хоорондын цомын тэмцээнийг шүүсэн туршлагaтай шүүгч юм.

ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОНЦ ТАВИЛАА

Дэлхийн хамгийн олон үзэгч, хөгжөөн дэмжигчтэй тэмцээнийг дээд төвшинд зохион байгуулахаа Оросын Ерөнхийлөгч В.Путин амласан билээ. Тэмцээний зохион байгуулалтад ОХУ-ын Засгийн газар 14 тэрбум ам.доллар зарцуулж, дэлхийн зиндааний спортын талбай байгуулж, дэд бүтцээ сайжруулж, цоо шинэ нисэх буудал, хот дотор аялах төмөр зам барьсан юм. Орос улс энэ удаагийн тэмцээнээр олон улсын тавцан дахь нэр хүндээ өсгөхийг эрмэлзэж, Америк, Европын орнуудын хөшүүн харилцааг өөрчлөхийг хүсч байгаа юм. Энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулах ОХУ-ын 11 хотод аюулгүй байдлын зэрэглэлийг өндөржүүлсэн ба хөгжөөн дэмжигчдэд зориулсан олон арга хэмжээ төлөвлөжээ. Тухайлбал, гол тоглолт болох хотуудад буу зэвсэг, аюултай бодис биедээ авч явахыг хориглосон ба үймээн дэгдээж болзошгүй гадаадын иргэдийн ОХУ-д нэвтрэх эрхийг хязгаарласан байна. Гадаадын үзэгчид тасалбараараа дэмжигчдийн карт авч, ОХУ-ын хилээр визгүй нэвтэрч буй нь энэ жилийн ДАШТ-ний онцлог юм. Барууны зарим хэвлэл ОХУ-д хөлбөмбөг үзэхэд аюулгүй байдлын талаар эргэлзэж байхад, Олон улсын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулалтын ажлыг өндрөөр үнэлж, ДАШТ-ийг Оросын тал сайн зохион байгуулж байна гэж үнэлжээ. Харин шинээр байгуулсан цэнгэлдэх хүрээлэнгийн чанар, стандартын талаар ОХУ-д бэлтгэл хийсэн Испанийн шигшээ багийн гишүүд ам сайтай байна. Тэд “Бэлтгэл сургуулилтаа сэтгэл амар хийх орчин нөхцөл бүрдүүлсэн байна. ОХУ-ын шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг, гэрэлтүүлэг сайн болжээ. Бидний бэлтгэл сургуулилт хийж буй цэнгэлдэхийн тоног төхөөрөмж гойд сайн юм. Тамирчдад, тэмцээнд сайн оролцох бүх нөхцөлийг бүрдүүлжээ” гэсэн байна.

2026 оны тэмцээнийг зохион байгуулагчид тодорлоо

Олон улсын хөлбөмбөгийн холбооны 134 гишүүний саналаар "United 2026" баг 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. АНУ, Канад, Мексик гэсэн "Хойд Америкийн гурвал" хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээнийг зохион байгуулах эрх авсныг албан ёсоор зарлалаа. Ингэснээр АНУ 1994 оноос хойш анх удаа хөлбөмбөгийн дэлхийн аваргын тоглолтуудыг хүлээн авахаар болж байна. Үүнээс өмнө 1970 болон 1986 онд Мексик улсад зохион байгуулж байсан юм. Санал асуулгад дээрх гурван улс 134 санал авч, 65 саналтай Морокко улсыг ардаа орхисон байна. 2026 оны дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулснаар 14 тэрбум ам.долларын орлого олно гэсэн амлалт нь тус гурван улсыг олон санал авахад нь дэмжлэг болсон гэж ажиглагчид дүгнэлээ. Тэмцээний хагас шигшээ шатнаас хойшх бүх тоглолтыг АНУ хүлээн авна гэж зохион байгуулагчид мэдэгдлээ. Дээрх гурван улсын нутаг дэвсгэрт 34 хоног зохион байгуулах тоглолтод 48 шигшээ баг оролцох гэнэ. АНУ-ын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Карлос Кордейро "Цорын ганц ялагч нь хөлбөмбөг. Биднийг хөлбөмбөг нэгтгэдэг" гэжээ. Тэмцээн болох 16 хотын 10 нь АНУ-ынх байх аж.

СОНИРХОЛТОЙ БАРИМТ, ТООН ҮЗҮҮЛЭЛТ

-ОХУ-д болж буй дэлхийн аваргын тэмцээнд 32 улс, 55 үндэстний төлөөлөл болсон 736
хөлбөмбөгчин оролцож байна.
-Энэ жилийн тэмцээнд оролцож буй хамгийн цөөн хүн амтай улсаар Исланд шалгарчээ. Тус
улс нь 330 мянган иргэнтэй аж.
-Дэлхийн аваргын тэмцээний албан ёсны логог сансрын нисгэгчдийн хувцсанд дүрсэлсэн
байна.
-Испанийн хөлбөмбөгийн холбооноос шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Хулен
Лопетегийг шигшээ багийн дасгалжуулагчийн албанаас чөлөөлжээ. Тэмцээн эхлэхээс нэгхэн
хоног үлдээд байхад ерөнхий дасгалжуулагчаа халсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй юм.
-Москвад болсон дэлхийн аваргын нээлтэд зориулан Германы хэвлэлүүд шигшээгийн багийн
бүрэлдэхүүнээ коммунизмын бэлгэдэл болгон зуржээ. Тодруулбал, шигшээ багийн дасгалжуулагч
Йоахим Левийг В.Ленин, хамгаалагч Матс Хуммельсийг Фридрих Энгельс, хагас хамгаалагч
Месут Озилыг Карл Марксын дүрд хувиргажээ.
-Хөлбөмбөгийн нэгэн оргил гэгддэг Италийн шигшээ баг энэ жилийн тэмцээнд оролцох
эрхээ авч чадаагүй билээ. Ийнхүү дэлхийн дөрвөн удаагийн аварга италичууд хөлбөмбөгийн 60
жилийн түүхэндээ анх удаа дэлхийн аваргыг өнжиж байна. Мөн Европын хүчирхэг дивизон болох
“Нисдэг голландууд” буюу Голландын шигшээ баг Орост очих эрхээ авч чадалгүй хасагджээ.
-Испанийн шигшээ багийн Серхио Рамос энэ удаагийн тэмцээнд оролцож буй хамгийн
туршлагатай тамирчин юм. Тэрбээр 151 тоглолтод оролцжээ.
-Оруулсан гоолынхоо тоогоор Португалийн шигшээ багийн К.Роналдо тэргүүлж байна.
-Хамгийн ахмад тамирчнаар Египетийн хаалгач 45 настай Эссам эль-Хадарийг нэрлэлээ.
-Энэ жилийн тэмцээнд Жозе нэртэй найм, Сильва, Луис, Марио гэдэг нэртэй зургаан
тамирчин оролцож байна.
-Бразилийн хөлбөмбөгийн холбоо шигшээ баг нь дэлхийн аварга болсон тохиолдолд
тоглогч бүрт нэг сая ам.доллар олгохоо мэдэгдлээ.
-Эзэн орон болох Оросын шигшээ баг ФИФА-гийн чансаагаар энэ жилийн дэлхийн аваргын
тэмцээнд оролцож буй хамгийн сул баг юм. Харин дэлхийн чансааг тэргүүлж буй Германы
шигшээ буюу “Герман машинууд”-ыг 2014 оны аваргын титмээ хамгаална гэж хөлбөмбөгийн
хорхойтнууд таамаглаж байна.
-Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээний шагналын сан 400 сая ам.долларт хүрсэн нь
“Бразил 2014” ДАШТ-ийнхээс даруй 42 сая ам.доллараар илүү байгаа юм.
-Дэлхийн аваргын тэмцээнд оролцож буй хамгийн үнэтэй тоглогчоор Аргентинийн шигшээ
багийн баруун жигүүрийн довтлогч Лионель Месси, Бразилийн зүүн жигүүрийн довтлогч
Неймар нар тодорчээ. Тэд 180 сая еврон ханштай хөлбөмбөгчид юм.
-Дэлхийн шилдэг 32 улсын багаас хамгийн үнэтэй нь Францын шигшээ юм байна.

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)