“Нэг Хятад” бодлого сахихыг АНУ-д анхаарууллаа
- 2018-06-16
- Дэлхий
- 0
АНУ-ын эрх баригчид Тайванийн аралд де факто Элчин сайдын яамаа нээснийг БНХАУ-ын зүгээс эсэргүүцэж, Вашингтоныг “Нэг Хятад” бодлогыг баримталсангүй хэмээн буруутгалаа. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан “АНУ дипломат төлөөлөгчдөө Тайвань руу илгээж байгаа нь “Нэг Хятад” бодлогыг зөрчсөн үйлдэл юм. Энэ бол БНХАУ- ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон төдийгүй хоёр улсын дипломат харилцаанд сөргөөр нөлөөлсөн үйлдэл юм. Бид АНУ-ыг БНХАУ-д өгсөн амлалтаа биелүүлж, хоёр улсын харилцаанд сэв суулгах энэ алдаагаа залруулж, “Нэг Хятад” бодлогыг сахихыг анхааруулж байна” гэжээ. Олон улсын эрх зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн бус хүлээн зөвшөөрөхийг дефакто хэмээн нэрлэдэг байна. Энэ нэршил нь олон улсын тавцанд тухайн улсад бүрэн итгэл хүлээлгэхгүй байгаагийн илрэл юм. Уг тохиодолд албан ёсоор дипломат харилцаа тогтоогоогүй ч хоёр улсын хооронд консулын болон худалдаа, эдийн засгийн харилцаа тогтоож болно. Үүнийг дипломат харилцаанд тооцдоггүй юм. Дэлхийн бусад улс орны адил АНУ-ын тал “Нэг Хятад” бодлогыг дагаж, Тайванийг эх газрын Хятадын бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрдөг билээ.
Тодруулбал, АНУ-ын эрх баригчид 1979 оноос “Нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөрч, Тайваньтай дипломат харилцаа тогтоохоос татгалзсан. Гэтэл Бээжинтэй гадаад харилцаагаа хэвийн үргэлжлүүлэхийн зэрэгцээ Тайваньтай ч мөн харилцаагаа хөгжүүлэх сонирхолтой байгаа нь олон улсын дипломат бодлогод сөрөг үр дагавар авчрах эрсдэлтэй юм. Дональд Трамп АНУ- ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш АНУ Тайванийн албан бус харилцаа эрчимжиж эхэлсэн гэж ажиглагчид үздэг. Тэрбээр АНУ эх газрын Хятадтай харилцаагаа хэвийн хадгалах ч Тайваний өөрийгөө хамгаалах чадварыг нэмэгдүүлж, БНХАУ-ын цэргийн хүчээс хамгаалахад тусална гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Цагаан ордны тэргүүн үзэл баримтлалаа бататгаж Тайваньд 2017 онд 1.4 тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлэх гэрээ байгуулсан билээ. Түүгээр ч зогсохгүй Тайваньд өнгөрсөн мягмар гарагт Элчин сайдын яамаа нээсэн нь Хятад, АНУ-ын худалдааны маргаан дээр гал нэмж, хоёр улсын харилцаанд сэв суулгаж магадгүй гэж эх сурвалжууд онцоллоо. Элчин сайдын яамны нээлтэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах Мэри Ройс тэргүүтэй хоёр талын албаны төлөөлөгчид оролцсон байна. Энэхүү дефакто Элчин сайдын яамны газрыг “Тайвань дахь АНУ-ын хүрээлэн” гэж нэрлэжээ. Нээлтийн үеэр АНУ-ын төлөөлөгч “Уг барилга Тайванийн арал дахь хамгийн бат бөх, аюулгүй байгууламж болж байна. Гүнзгий утга агуулгыг илэрхийлэх энэ газар барилгыг нь босгоход ашигласан төмөр бетон, шилнээс ч илүү хүчтэй, утга учиртай. АНУ Тайванийн шинэ зууны бат бөх харилцааны илэрхийлэл юм” гэж хэлжээ. АНУ-ын хүрээлэнгийн нээлтийн үеэр “Чөлөөт, ардчилсан зарчмын дагуу харилцан ашиг сонирхлын үндсэн дээр бид өөрсдийн үнэ цэнэ, эрх ашгийг хамгаалсан үйлдэл хийх эрхтэй. Манай хоёр улсын харилцаа хүчирхэгжиж буй энэ цагт зарим улс орон нөлөөлж чадахгүй” гэж Тайванийн төлөөлөгчид илтгэлдээ дурджээ. АНУ-ын хүрээлэнгийн барилгын ажил арван жил үргэлжилсэн бөгөөд дэлбэрэлтэд тэсвэртэй материалаар барьсан аж. CNN агентлагийн мэдээлснээр, барилгын ажилд 250 сая ам.доллар зарцуулсан гэнэ. Тайванийн арал нь Хятадын иргэний дайны дараа буюу 1950 оноос тусгаар тогтнолоо зарласан. Гэсэн ч Бээжин өнөөг хүртэл тус арлыг өөрийн газар нутаг гэж үздэг юм. Дашрамд өгүүлэхэд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар Бээжинд өчигдөр айлчиллаа. Энэхүү айлчлалын хүрээнд талууд тулгамдссан асуудлаар санал солилцоно. Хятад, АНУ-ын эрх баригчид их гүрний хувиар арилцаагаа тогтвортой хөгжүүлэх сонирхолтой байгаа билээ. Төрийн нарийн бичгийн дарга Попео Хятадын талтай санал зөрөлдөөнөө шийдвэрлэж, хамтын ажиллагаагаа өргөтгөхийг хүсч байгаа аж.
Х.Эрдэнэзаяа
Сэтгэгдэл (0)