Бээжин АНУ-ын импортын бүтээгдэхүүнд онцгой татвар тавилаа

Цагаан ордны засаг захиргаа Бээжингийн талтай тохиролцсон нийтлэг ойлголтоо зөрчин Хятадаас импортлох 50 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнээс 25 хувийн онцгой татвар нэмж авахаа өнгөрсөн баасан гарагт зарлалаа. Энэ нь Хятад улсын хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчлөө гэж Бээжингийн эрх баригчид үзэж холбогдох хуулийн дагуу Америкаас импортлох 34 тэрбум ам.долларын өртөг бүхий 659 төрлийн бараанаас 25 хувийн гаалийн татвар нэмж авахаа зарласан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп салбарын сайд болон төлөөлөл, ажлын албаныхантайгаа хуралдсаны дүнд ийм шийдвэрт хүрчээ. Түүний мэдэгдлээс зургаан цагийн дараа Хятадын тал хариу үйлдэл үзүүлсэн байна. Бээжингийн зүгээс гаалийн барааны жагсаалт болон хэрэгжих цаг хугацааг тодорхой тогтоосон байна. Тухайлбал, гаалийн татвар авах өдөр хугацааг АНУ-ын шийдвэрийг харгалзан хэрэгжүүлэхээ Хятадын тал мэдэгдэж байсан. Хятадын тал энэ удаа байр сууриа илэрхийлснээс татвар нэмж авах жагсаалт гаргах, албаны талын тайлбар хийх зэргээр хатуу арга хэмжээ авчээ.

БЭЭЖИН АНУ-ЫН ГОЛ САЛБАРУУДЫГ ОНИЛЛОО

Бээжингийн хориг Америкийн экспортын голлох бараа бүтээгдэхүүнийг онилсон байна. Тухайлбал, Америкийн 659 төрлийн бүтээгдэхүүний гаалийн татварыг ирэх сарын 6-наас эхлэн нэмэхээр болжээ. Үүнд хөдөө аж ахуй, химийн үйлдвэр, эмчилгээний тоног төхөөрөмж, эрчим хүч, далайн гаралтай бүтээгдэхүүн, автомашин зэргийг багтаажээ. “Боинг” онгоцны үйлдвэрлэлд Хятад улс хориг тогтоож магадгүй гэх мэдээллээр, компанийн хувьцааны ханш зургаан хувиар унасан байна. Хятадын барих хариу зөвхөн эдийн засгийн бус, мөн улс төрийн нөлөө агуулж байгааг шинжээчид тэмдэглэсэн. Учир нь хөдөө аж ахуйн м ужууд нь АНУ-ын түлхүүр бус нутаг юм. АНУ-ын хувьд худалдааны дайн явуулснаар хялбар ялалт байгуулах боломжтой гэж харж байгаа бол, БНХАУ худалдааны дайн эхлүүлэх хүсэлгүй байна. Энэ тухай БНХАУ-ын Сангийн дэд сайд Жу Гуаняо мэдэгдсэн. Мөн холбогдох асуудлаар хэлэлцээрт бэлэн гэжээ. Гэхдээ хоёр улсын худалдааны тэнцлийн алдагдал 100 тэрбум ам.долларыг танах АНУ-ын талын шаардлагыг Бээжин хүлээн авах боломжгүйг БНХАУ- ын Худалдааны дэд сайд Ван Шоувэнь мэдэгдлээ.

ГАДААД ХУДАЛДААНЫ АЛДАГДЛАА БУУРУУЛАХЫН ТУЛД ИМПОРТЫН ТАТВАРАА НЭМЭХ НЬ БУРУУ

АНУ-ын экспорт 2.3 их наяд ам.доллар байсан бол импорт 2.9 их наяд ам.доллар байжээ. Импортын 375 тэрбум ам.доллар БНХАУ-д ногдож байгаа. Аливаа улс экспортоосоо илүү импортолж байвал энэ нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, ажлын байр, нэмэлт орлого үгүй бол, татварын бүрдүүлэлтийг танахад хүргэдэг гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний захиргаа тооцоолжээ. Ямартай ч улс орноо төсвийн алдагдлаас гаргахаа Дональд Трамп Цагаан ордны тэргүүний суудалд суухаас өмнө мэдэгдэж байсан аж. Түүний туслахууд эдийн засгийн бодлогын хөтөлбөр боловсруулахдаа татварыг танаж, эрчим хүчний эх үүсвэрийн олборлолт болон худалдааны алдагдлыг бууруулах гэсэн гурван үндсэн заалт багтжээ. Эхний хоёр төлөвлөгөөг аль хэдийнэ эхлүүлсэн, одоо гурав дахь хөтөлбөртөө шилжиж байна гэж онцолж байгаа юм. БНХАУ-тай хийж байгаа худалдаа эргэлтэд АНУ алдагдал хүлээж байгаа нь “таалагдахгүй” байна гэж Дональд Трамп нэг бус удаа хэлж байсан. Түүний хэлснээр, сүүлийн жилүүдэд худалдааны алдагдал жилийн 500 тэрбум ам.долларт хүрчээ. Тиймээс өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд Бээжингийн “шударга бус” худалдааны бодлогын эсрэг шат дараатай арга хэмжээ авах баримт баталсан юм. Харин энэ удаад 800-900 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 50 тэрбум ам.долларын өртөг бүхий татвар ногдуулахаар Цагаан ордон шийдвэрлэсэн байна. Америкийн худалдааны нийгэмлэгээс гаргасан мэдэгдэлд “Д.Трампын Засгийн газрын Хятадын бараа бүтээгдэхүүнээс гаалийн татвар нэмсэн үйл ажиллагаа нь хэрэг дээрээ Америкийн хэрэглэгчдээс татвар хурааж байгаа хэрэг” гэж шүүмжилжээ. Америкт шошийн захиалгын үнэ буурч хамгийн доод цэгт хүрсэн нь дэлхийн зах зээл Хятад, АНУ-ын худалдааны дайнаас үүдэн хохирч буйг илтгэлээ. “Уолл стрийт журнал”- ын мэдээлснээр, Америк Хятад хоёр орон харилцан гаалийн татвар нэмсэн нь тус улсын шошны аж ахуй эрхлэгчдэд хүндээр тусах аж. Хятад улс Бразилаас авах шошийн хэмжээгээ нэмбэл АНУ-ын шош импортлогчдын 90 хувь нь алдагдал хүлээх юм.

Д.ТРАМПЫН ШИЙДВЭР ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨД НӨЛӨӨЛНӨ

“Худалдааны дайн нь дэлхийн худалдаа, эдийн засагт урт хугацаанд төдий л нөлөөгүй байж болно. Гэхдээ эдийн засгийн өсөлтийн дунд хугацааны төлөвт нөлөө үзүүлж байна. Хөрөнгө оруулагчдын итгэл буурч байна. Учир нь, худалдааны хугацаа тодорхойгүй учир, нийлүүлэлтийн гинжин холбоог хэрхэн зохион байгуулахаа мэдэхгүй байна. Харин дэлхийн эдийн засгийн өсөлт хөрөнгө оруулалтаас шалтгаалдаг” гэж Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард мэдэгдлээ. Мөн илүү нээлттэй зах зээлийн тогтолцоонд шилжиж, худалдааны зарим хязгаарлалт хоригоо танах Бээжингийн эрмэлзлийг сайшааж байгаагаа тэрбээр илэрхийлжээ. Улс бүр худалдааны хориг, хязгаарлалтын тухай хууль тогтоомжоо эргэн харж, цаашид олон улсын тавцанд худалдааны маргаан дэгдэхээс сэргийлэх нь зүйтэй гэж уриаллаа.

Х.Эрдэнэзаяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)