Иван Дукег Колумбийн Ерөнхийлөгчөөр сонгожээ

Колумбийн Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн ням гарагт болж “Ардчилсан төв” барууны хүчний намаас нэр дэвшсэн Иван Дуке ялалт байгууллаа. Тэрбээр Богото хотын захирагч асан Густаво Петротой өрсөлдсөн байна. Иван Дуке өмнө нь Колумбийн Сенатын гишүүнээр сонгогдож байсан туршлагатай улстөрч юм. Тус улсын Сонгуулийн төв хорооноос мэдээлснээр ирц 53 хувьтай байсан ба Иван Дуке сонгогчдын 54 хувийн санал авчээ. Түүний өрсөлдөгч Густаво Петро 42 хувийн санал авсан байна. Сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа Петро Иван Дукег ялалт байгуулсныг хүлээн зөвшөөрч, твиттер хуудсаараа дамжуулан баяр хүргэжээ.

Одоогийн Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос ФАРК бүлэглэлтэй 2016 онд энхийн хэлэлцээр үзэглэснээр, Колумбид хагас зуун жил үргэлжилсэн зэвсэгт тэмцэлд цэг тавьсан байна. Тэрбээр энэ үйл хэргийнхээ төлөө Нобелийн энхтайвны шагнал хүртсэн. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад байгаа Иван Дукегийн хувьд энхийн гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Өнгөрсөн хагас зуун жилийн хугацаанд зэвсэгт тэмцэл өрнүүлж, хууль зөрчсөнийхөө төлөө ФАРК бүлэглэлийн гишүүд ял шийтгэл хүлээх ёстой гэж үзэж байна. Харин нийслэл Богота хотын захирагч асан Густаво Петро энхийн хэлэлцээрийг өөрчлөлтгүй үлдээнэ гэдгээ сонгуулийн өмнө амлаж байжээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль Колумбийн түүхэн дэх хамгийн аюулгүй сонгууль болсон гэдгийг эх сурвалжууд онцоллоо. Санал хураалтын үеэр ямар нэгэн зөрчил гараагүй юм байна.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)