Хүүхдийн эсрэг хуулиа цуцлахыг АНУ-аас шаардлаа

 Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачдын асуудлаар шинэ бодлого хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор АНУ-ын хил дээр 2000 гаруй хүүхдийг эцэг эхээс нь албадан салгасан байна. Хил нэвтрэхээр завдсан 1940 хүнийг баривчилж, 1995 хүүхдийг эцэг эхээс нь салгасан тухай тус улсын Дотоод яамны мэдэгдлийг олон нийт шүүмжлэлтэй хүлээж авсан юм. Цагаачдыг хууль бусаар АНУ руу нэвтрэх гэж оролдсон, хилийн зөрчил, гэмт хэрэг үйлдсэн гэх зэргээр саатуулсан байна. Цагаан ордны захиргаа эцэг эхээсээ салсан хүүхдүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч тэднийг АНУ-ын эрүүл мэнд, үйлчилгээний газарт хүргүүлжээ. АНУ-ын нутаг дэвсгэр рүү хууль бусаар орж байгаа хүмүүсийг шалгах шинэ хуульд цагаачлагч хүүхдүүд эцэг, эхээсээ тусдаа байх ёстой гэж заажээ. Дональд Трампын цагаачлалын асуудалд барьж буй хатуу бодлого нь улс төрд зөрчил үүсгэж эхэлжээ.

2000 ГАРУЙ ЦАГААЧ ХҮҮХДИЙГ ЭЦЭГ, ЭХЭЭС НЬ САЛГАЖЭЭ

АНУ-ын хууль дүрэмд өөрчлөлт орсноор анх удаа хил зөрчсөн иргэдийг баривчлан хорьж эхэлсэн байна. АНУ- ын Дотоодын аюулгүй байдлын яамны мэдээлснээр, хууль сахиулах ажилтнууд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нөөс тавдугаар сарын 31 хүртэл хууль бусаар хил давсан цагаачдыг баривчлах үед насанд хүрээгүй 1995 хүүхдийг эцэг эхээс нь хүчээр тусгаарласан байна. Энэхүү үйлдлийг хүний эрхийн байгууллагууд харгис арга хэмжээ хэмээн онцолж АНУ-д шаардлага хүргүүлжээ. Тэдгээр байгууллагын төлөөлөгчид “АНУ-ын засаг захиргаа эцэг эхээсээ салсан хүүхдийн тоог дарсан, энэ тоо 2000 давна” хэмээлээ. Харин Америкийн Засгийн газраас “Манай улсын хуулийн дагуу Цагаачлалын албаны ажилтнууд насанд хүрсэн иргэдийг баривчлахдаа, дагуулж ирсэн хүүхдийг нь асрамжийн газарт хүргэх, АНУ-д оршин суудаг хамаатан саданд хүлээлгэн өгдөг” хэмээн мэдэгджээ. АНУ-ын шинэ бодлогыг хүүхдийн эрхэнд халдсан хүчирхийлэл гэж үзэн, Вашингтоны эрх баригчдыг тус үйлдлээ яаралтай зогсоож, хуулиа цуцлахыг НҮБ шаардлаа. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хууль бусаар хил давсан цагаач эцэг эхчүүдийг үр хүүхдээс нь албаар тусгаарлаж буй АНУ- ын бодлогыг эсэргүүцэн хэвлэлийн хурал хийлгэжээ. "Дүрвэгсэд, цагаачидтай хүндэтгэлтэй харьцах ёстой. Тэднийг эв зүйтэй зохицуулах ёстой гэж олон улсын гэрээнд заасан. Хүүхдүүдийг эцэг эхээс нь албаар салгаж, сэтгэл санааг нь хямрааж болохгүй. АНУ, Мексикийн хил дээр болсон явдалд би санаа зовниж байна. Хүний эрхийг дээдэлдэг АНУ-ын Үндсэн зарчмыг хэрэгжүүлэх хэрэгтэй" гэж Антонио Гутерриш мэдэгдлээ. АНУ-ын католик сүмийн тэргүүн хамба Даниел ди Нардо Засгийн газрын цагаачлалын бодлогыг шүүмжлэн, хүчингүй болгохыг шаардаж "Хүүхдийг эцэг эхээс нь хүчээр салгах нь ардчилсан улсын баримтлах бодлого биш. Энэ бол ардчилалд тэрсэлсэн ёс суртахуунгүй үйлдэл" гэсэн байна. Хилийн зурваст үүссэн энэхүү үйл явдлыг америкчууд эсэргүүцэн томоохон хотуудад “Ээжээс минь бүү салга” уриан дор жагсаал зохион байгуулжээ. Арван нас ч хүрээгүй цагаач хүү эцэг, эхээсээ тусгаарлагдсаны улмаас АНУ-ын хил дээр амь насаа алдсан нь эсэргүүцлийн жагсаалын үндэс боллоо.

CNN: ТРАМПЫН ГЭР БҮЛ ЦАГААЧ ХҮҮХДИЙГ ҮЗЭН ЯДДАГ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ардчилсан намын бодлогыг үндэслэн хил дээр тусгаарлалт хийх эрхтэй гэж мэдээлжээ. Гэсэн ч ийм эрхийг олгож буй хуулийн заалт АНУ-д байхгүй талаар CNN агентлаг онцоллоо. Тус телевизээр Гондурасын иргэн, цагаач эмэгтэй нялх охиноо хөхүүлж байхад нь АНУ-ын Цагаачлалын албаны ажилтнууд хүчээр салгаж, тусгаарлаж буй бичлэгийг шууд дамжуулжээ. Хууль бусаар хил давсан эмэгтэйг эсэргүүцэл үзүүлсэн хэмээн гавласан байна. Гэвч Д.Трампын засаг захиргаа бүх тайлбар, нотолгоог үгүйсгэж, “CNN агентлаг худлаа мэдээлэл дамжууллаа” хэмээн мэдэгдсэн юм. Д.Трампын цагаачлалын талаарх хатуу бодлогыг эсэргүүцэгч Ардчилсан намын зарим улстөрч түүнийг сонгуулиар цагаач нарт дургүй олон сая уугуул америкчуудын саналыг авахын тулд хий хоосон амлалт өгсөндөө бантаж, одоо ингэж хатуу ширүүн зан гаргаж байна хэмээн шүүмжиллээ. Харин түүнийг дэмжигч улстөрчид хэтэрхий олон жил таван тивийн есөн жорын хүмүүст үүд хаалгаа нээлттэй байлгасан америкчууд бид хууль бус цагаач нартай тэмцэх цаг болсон гэж үзэж байгаа юм. Гэхдээ Трампын цагаачлалын бодлогыг зөвхөн уугуул америкчууд төдийгүй цагаач нар өөрсдөө олноороо дэмжих болсныг ёстой л “хоноц хоноцдоо дургүй, хонуулсан нь хоёуланд нь дургүй” хэмээх зүйр үгтэй адилтган тайлбарлахаас өөр аргагүй мэт. Учир нь, нэг мексик цагаач арай гэж хэдэн долларын цалинтай ажил олдгийн даваан дээр өөр нэг латин америк нөхөр гарч ирээд ажлын байрыг нь булаацалдаад унадагтай үүнийг холбон тайлбарлаж болно. Ийнхүү хууль бусаар хил зөрчигчдийн хамгийн эмзэг сэдэв болох бага насны хүүхдүүд хилийн наана цаана эцэг эх, ар гэрийнхнээсээ тусгаарлагдсаны гол буруутнаар Дональд Трампыг нэрлэж байна. АНУ-ын хэвлэлүүд Ерөнхийлөгч Дональд Трампын хууль бус цагаачдын эсрэг ажиллагааны үр дүнд олон мянган хүүхэд гэр бүлээсээ салсныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Ялангуяа АНУ-ын тэргүүн хатагтай Мелани Трампын хийсэн мэдэгдэл дэлхийн хэвлэлийнхний дургүйг хүргэсэн юм. Мелани Трамп “Би хилийн наана цаана тусгаарлагдсан бага насны цагаач хүүхдүүдийг өрөвдөж байгаа ч цагаачлалын талаарх нөхрийнхөө байр суурийг дэмжиж байна” хэмээснийг Дональд Трампын өөг анддаггүй CNN агентлаг “Цагаач хүүхдүүдийг үзэн ядагч тэргүүн хатагтай” гэж тодотгожээ. “Тэргүүн хатагтай Мелани цагаач хүүхдүүдийг хараад нүд нь хорсдог” хэмээн тус телевизийн тоймч шууд нэвтрүүлгийн үеэр ярьсан нь дэлхийн хэвлэлүүдийн онцлох сэдэв болж байна.

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)