Д.Трамп: Хятадын импортын татварыг нэмнэ
- 2018-06-20
- Дэлхий
- 0
Бээжингийн эрх баригчид худалдааны хариу бодлого хэрэгжүүлбэл АНУ-ын Засгийн газар БНХАУ-аас импортлох 200 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүнд татвар ногдуулахаа мэдэгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп "АНУ зөвхөн БНХАУ ч биш дэлхийн аль ч улстай хийх худалдаанаас алдагдал хүлээх нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй" гэж Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ онцолжээ. Ингэснээр эдийн засгаар дэлхийд тэргүүлэгч хоёр улсын дунд үүссэн худалдааны маргаан улам ширүүсэх эрсдэлтэй байгааг шинжээчид анхааруулж байна. Үүнээс өмнө АНУ, БНХАУ-ын Засгийн газар худалдааны зөвшилцөлд хүрч чадаагүйгээс Дональд Трамп импортын 50 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүнд нь татвар ногдуулахаа мэдэгдсэн юм. Тэрбээр "АНУ өнгөрсөн онд БНХАУ-тай хийх худалдаанаас 376 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн. Хэрвээ тэд хариу арга хэмжээ авбал худалдааныхаа бодлогыг чангатгах болно" гэж онцолжээ. Харин Д.Трампын мэдэгдлийн дараа Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч “АНУ 200 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий татварын жагсаалт гаргана гэж сүрдүүлж байна. Дарамт үзүүлэх, айлган сүрдүүлэх энэхүү байдал нь хоёр талын олон удаагийн хэлэлцээрээр хүрсэн нийтлэг ойлголтоос няцаж, олон улсын хамтын нийгэмлэгийн урмыг хугаллаа. АНУ зохисгүй үйлдэл хийж, татварын жагсаалт гаргавал Хятадын тал ижил хэмжээний цогц арга хэмжээ авч, хариу барих болно Америкийн тал худалдааны маргаан дэгдээж, зах зээлийн дүрэм журмыг үл ойшоож байгаа нь өнөөгийн дэлхийн хөгжлийн хандлагад нийцэхгүй. Хятад улс өөрчлөлт, нээлттэй бодлогоо үргэлжлүүлж, эдийн засгийн чансаатай хөгжлийг ахиулан, орчин үеийн эдийн засгийн системийг бүтээн байгуулах ажлыг түргэтгэх болно” гэж мэдэгдлээ.
Х.Заяа
Сэтгэгдэл (0)