Ши Жиньпин: БНАСАУ-д үзүүлэх дэмжлэгээ зогсоохгүй

Хятадын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Бээжинд айлчилсан БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хороо, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Унтай хэлэлцээр хийжээ. Талууд хоёр орны харилцаа, хөгжлийн чиглэл, Солонгосын хойгийн байдлаар санал солилцсон байна. БНХАУ, БНАСАУ-ын харилцааг цаашид баталгаажуулан хөгжүүлж, Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдалд тулгарч буй хөгжлийн эерэг хандлагыг ахиулж, дэлхийн болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд идэвхтэй хувь нэмэр оруулах тал дээр санал нэгджээ. Ши Жиньпин “Хөдөлмөрийн намын хорооны дарга Ким Жон Ун та Сингапурт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай чухал уулзалт хийж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, хойгт энх тайвны механизм байгуулах талаар зарчмын нийтлэг ойлголтод хүрч, идэвхтэй ахиц гаргасныг Хятад улсын тал үнэлж байна. Энэ хугацаанд тантай гурван удаа уулзаж, хоёр орны харилцааны хөгжлийн шинэ хуудсыг нээлээ.

Хятадын Засгийн газар хоёр улсын найрсаг хамтын ажиллагааны харилцааг дээд хэмжээгээр чухалчилдаг. Олон улсын болон бүс нутгийн байдал өөрчлөгдсөн ч манай нам, Засгийн газрын байр суурь, БНАСАУ-д үзүүлэх тусламж, дэмжлэгээ зогсоохгүй. Миний бие хоёр талын тохиролцсон чухал, нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, хоёр орны харилцааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлнэ. Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн ой энэ онд тохиож байна. БНАСАУ-ын тал эдийн засгийн бүтээн байгуулалтад шилжих чухал шийдвэр гаргаж, Умард Солонгосын социалист үйлс түүхэн шинэ шатанд гарсанд баяртай байна. БНАСАУ-ын эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулах, өөрийн орны онцлогт тохирсон хөгжлийн замаар замнахыг бид дэмжинэ” гэжээ. Харин Ким Жон Ун “Саяхан болсон БНАСАУ, АНУ-ын удирдагчдын уулзалт талуудын ашиг сонирхол, олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлтэд нийцсэн үр дүнтэй уулзалт боллоо. Төрийн тэргүүнүүдийн нийтлэг ойлголтыг хоёр тал сайтар хэрэгжүүлбэл Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох шинэ нөхцөл бүрдэх болно. БНАСАУ-ын тал Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, тус хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад гаргасан Хятад улсын хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, Хятад болон холбогдох талуудтай хамт хойгийн энхтайван, тогтвортой байдлын систем байгуулахын төлөө хамтдаа хүчин зүтгэе” гэжээ. Бээжингийн Ардын их хурлын ордонд болсон уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй ч “Сингапурт болсон түүхэн уулзалтаар баталсан баримт бичгийн хэрэгжилтийн тал дээр БНАСАУ Хятадаас дэмжлэг хүссэн” гэж ажиглагчид таамаглаж байна.

Мөн Ким Жон Ун цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоосныхоо хариуд БНАСАУ-д авсан эдийн засгийн хориг арга хэмжээнээс гарахыг БНХАУ-ын эрх баригчдаас хүсч дэмжлэг авах зорилготой байгаа хэмээн зарим эх сурвалжууд тайлбарлаж байгаа юм. Ким Жон Уны айлчлал АНУ, БНХАУ-ын дунд худалдааны асуудал хурцадсан үед болж байгаа гэдгээрээ олон улсын анхаарлыг татаж байна. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хэд хэдэн асуудлаар, тэр дундаа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахтай холбоотой асуудлаар харилцан ойлголцолд хүрсэн гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, талууд Ким Жон Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын саяхан болсон уулзалтын талаар хэлэлцэхийн сацуу Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар санал бодлоо солилцсон байна.

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)