Крымийн эсрэг хориг хэрэгжиж эхэллээ

Европын холбооноос Крымийн эсрэг тавьсан хориг арга хэмжээ өнөөдрөөс хүчин төгөлдөр болж байна. Брюсселийн зүгээс хориг арга хэмжээ 2019 оны зургаадугаар сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ гэж мэдээллээ. Энэхүү хоригт Европын холбоо руу Крымд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн импортлохыг хориглох, бүс нутагт Европоос хөрөнгө оруулахыг хориглох, тэр дундаа хойгт үл хөдлөх хөрөнгө худалдан авах, бизнес санхүүжүүлэх, аялал жуулчлалын зэрэг үйлчилгээ үзүүлэх зэрэг асуудал багтсан байна. Европын хөлөг онгоцнуудыг Крымийн усан боомтуудад орохыг хориглох, мөн тус хойгийн нисэх буудлуудад Европын нисэх онгоцнуудыг онцгой байдлаас бусад тохиолдолд буухыг хоригложээ. Крым рүү Европын холбооны гишүүн орнуудад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, зам тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч, газрын тос олборлолт болон боловсруулалт, ашигт малтмал олборлолт зэрэг салбарын бараа бүтээгдэхүүнийг худалдаалахыг ч хориглосон байна. Европын холбооны Оросын эсрэг баталсан хориг арга хэмжээ гурван үндсэн чиглэлээс бүрдэж байгаа юм. Үүнд визийн хориг, Оросын газрын тос, батлан хамгаалах, санхүүгийн төрийн өмчит компаниудын эсрэг хориг, мөн Крымийн эсрэг хориг хязгаарлалт багтжээ. Эдгээрийг Украин дахь нөхцөл байдал, Крымийг Орост нэгтгэсэн асуудлаас үүдэн 2014 онд Европын холбоо Оросын эсрэг хориг тогтоосон юм. Эхний хоёр төрлийн хоригийг хагас жил тутам сунгадаг, харин Крымийн эсрэг хоригийг жил тутам сунгадаг юм. Крымийн эрх баригчид Европын холбоо хойгийн эсрэг хоригоо сунгасан явдалд гайхсангүй. Дахин сунгах нь тодорхой байсан, гэхдээ хориг арга хэмжээ ирээдүйгүй гэдгийг буурал тивийн лидерүүд ухамсарлаж эхэлж байгааг Крымийн Төрийн зөвлөлийн депутат Владислав Ганжара мэдэгдлээ. Тэрбээр Итали улсын туршлагыг дурдсан юм.

Энэ сард Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте Ром Москватай харилцаагаа сэргээж, хоригоо цуцлах асуудлыг ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Европчуудын Оросын Крымд хандах харилцаа эрт орой хэзээ нэг цагт өөрчлөгдөнө гэж Оросын шинжээчид харж байна.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)