Европын холбоо хилийн хяналтаа чангатгана
- 2018-06-22
- Дэлхий
- 0
Дүрвэгсдийн урсгал хяналтаас гарсан нь Европын удирдагчдын хэлэлцээрийн гол сэдэв боллоо. Гэхдээ Европын холбоо дүрвэгсдийн асуудлаар нэгдсэн зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа юм. Олон улсын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн байгууллагаас өгсөн мэдээллээр он гарснаас хойш 40 мянга гаруй хүн Газрын дундад тэнгисийг гатлан, буурал тивд хөл тавьжээ. Аз сорьсон аяллын үеэр 875 хүн нас барж, сураггүй алга болсонд тооцогдож байна 2017 онд Газрын дундад тэнгисийг дамжин 170 гаруй мянган дүрвэгч Европт хөл тавьжээ. Хяналтаас хэтэрсэн дүрвэгсдийн урсгал Европын улс орнуудын хувьд “толгойны өвчин” болоод байгаа. Энэ асуудлаар энэ сарын 28-29- нд Брюссельд болох Европын дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх юм. Уулзалтаас өмнө Франц, Герман, Испани, Италийн төр засгийн тэргүүлэгчид хоёр талт уулзалт хийж, дүрвэгсдийн асуудлыг хэлэлцэж байгаа юм. Энэ асуудлаар Германы канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар тусгайлан хэлэлцэж, Европын холбооны гадаад хилийн хяналт шалгалтыг чангатгах шаардлагатай гэж үзжээ. Европыг зорих дүрвэгсдийн тоог бууруулахын тулд Герман, Франц улс хамтран ажиллахаар болжээ.
Ангела Меркелийн хэлснээр, Европын холбооны хилийн байгууллага “Фронтекс”-ийн алба хаагчдын тоог нэмэгдүүлснээр дүрвэгсдийн тоог бууруулах боломжтой. Үүнд Олон улсын дүрвэгсдийн байгууллага, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комисс мөн оролцох ёстой гэж үзэж байна. Дүрвэгсдийн асуудлыг шийдвэрлэх арга замын тухайд ХБНГУ-ын канцлерын байр суурийг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон дэмжиж байна. Мөн дүрвэгсдийг Европт ирээд анх хөл тавьсан улс руу нь буцаах ёстой гэж хоёр удирдагч үзэж байна. Дүрвэгсдийг анх хөл тавьсан Европын улс руу нь буцаах асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэхийн тулд Европын холбооны орнуудтай хоёр талт хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ А.Меркель илэрхийлжээ. Германы канцлер Ангела Меркель Европын холбооны орнуудын дотоод хилийн хяналтыг тодорхойгүй хугацаагаар сунгах төслийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. “Бид дотоод хилийн хяналтаас татгалзаж болохгүй гэдгээ би Европын комиссийн дарга Жан Клод Юнкерт тов тодорхой ойлгуулсан” хэмээн А.Меркель Германы “Funke” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. “Гадаад хилийн хамгаалалт бүхэлдээ хангагдах хүртэл дотоод хилийн чухал хэсгүүдэд хяналтаа хэвээр байлгах нь туйлын зөв гэж бид үзэж байгаа” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ. Европын холбоо террорист халдлагаас сэргийлэх, цагаач дүрвэгчдийн урсгалыг хязгаарлах шинэ төлөвлөгөөнд гадаад хилийн хяналтыг чангатгах асуудлыг тусгасан байна. Энэ төлөвлөгөөг батлах эсэхийг Брюссельд болох Европын холбооны дээд хэмжээний чуулга уулзалтаар хэлэлцэх юм байна. Уулзалтын дүнд талууд Европын холбооны улсуудын хилийн хяналтыг чангатгаж, хоорондын харилцаа холбоогоо сайжруулахад санал нэгдсэнийг Европын Комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкер онцолж байна. Түүнчлэн дүрвэгсдийг бүртгэлжүүлж, хүмүүнлэгийн тусламж олгох төлөвлөгөөг гаргажээ. Дүрвэгсдийн урсгалыг хэрхэн зогсоох болон улс орнуудад ямар квот тогтоох дээр Европын холбооны орнууд санал зөрөлдсөн хэвээр байгаа юм. Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрасын хувьд дүрвэгсдийн хямралыг Туркийн оролцоогүйгээр шийдэх боломжгүй гэдгээ онцолсон бол Балканын орнуудын хувьд Европын холбоо туслахгүй бол дүрвэгсдийн талаарх бодлогоо өөрчилнө гэдгээ албан ёсоор мэдэгджээ.
Х.Эрдэнэзаяа
Сэтгэгдэл (0)