АНУ-ын импортын татварыг нэмжээ

Европын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Вашингтоны тал ган, хөнгөн цагаан бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмсний хариу болгож, АНУ-аас импортлох хоёр тэрбум 800 сая еврогийн үнэ бүхий зарим барааны гаалийн татварыг нэмэхээр шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэр өнөөдрөөс эхлэн хэрэгжинэ. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр гаалийн татвар нэмэх бараанд АНУ-ын ган, хөнгөн цагаан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хамруулсан байна. Европын холбооны гаалийн татварыг нэмэх арга хэмжээ Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журамд нийцнэ гэжээ. Мөн өдөр Европын холбооны Худалдааны зөвлөлийн гишүүн Сесилиа Малмсром “АНУ- ын нэг талыг баримталсан шударга бус шийдвэр Европын холбоог өөр сонголтгүй болголоо. Вашингтоны үйлдэл бол “худалдааны терроризм” юм. АНУ худалдааны алдагдлаа дангаар шийдвэрлэж чадахгүй. Өөрөөр хэлбэл, Вашингтоны эрх баригчид гаалийн татвараа нэмсэн ч улс орныхоо эдийн засгийн уналтыг зогсоож чадахгүй. Худалдааны терроризм Америкийг аварч чадахгүй ч эдийн засгийн даяаршил, олон талт худалдааны тогтолцоо, дэлхийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд ноцтой хохирол учруулж байна.

Тиймээс Европын орнууд эдийн засгийн даяаршил, олон талт худалдааны тогтолцоог хамгаалах тодорхой байр суурь баримталсаар ирсэн” хэмээжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар АНУ-ын эдийн засгийн өсөлт удаашрах төлөвтэй байна. АНУ-ын эрх баригчид эдийн засгийн бүтцийн асуудлыг шийдвэрлэхгүй бол 2008 оны хямрал давтагдаж, орлогын зөрүү нэмэгдэх эрсдэлтэй аж. Мөн ОХУ-ын Эдийн засаг, хөгжлийн сайд Максим Орешкин мэдэгдэл хийж, АНУ-аас оруулж буй зарим барааны гаалийн татварыг нэмэхээ зарлалаа. Максим Орешкин “Вашингтоны тал Орос тэргүүтэй орноос Америкт гаргаж буй ган, хөнгөн цагаан бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмж, ОХУ-д хохирол учруулсан төдийгүй төлбөрөө төлөхөөс татгалзсан тул гаалийн татвараа нэмж хариу арга хэмжээ авсан” хэмээжээ.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)