Мүн Жэ Ин: БНСУ, ОХУ-ыг холбосон "есөн гүүр" тавина

 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Москва хотод албан айлчлал хийх үеэрээ ТАСС агентлагт ярилцлага өгснийг хөрвүүлэн хүргэж байна.

-Та ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй гурав дахь удаагаа уулзлаа. Энэ айлчлалаас талууд ямар үр дүн хүлээж байв?

-Юуны өмнө 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж буй Оросын ард түмэнд баяр хүргэе. ОХУ-ын баг эхний тоглолтод таван гоол оруулсан гайхалтай амжилтаараа тэмцээнийг өнгөлөөсэй гэж хүсье. Манай хоёр улсын шигшээ баг хагас шигшээд үлдэнэ гэж найдаж байна. Би Евразийн энхтайван, хөгжил цэцэглэлтийн хэтийн төлөвийн талаар Ерөнхийлөгч В.Путинтэй санал солилцдог. Ноён Ерөнхийлөгч ОХУ, Сибирийн Алс Дорнодын бүс нутгийг хөгжүүлэхийг зорьдог бол манай улс Зүүн Хойд Азийн орнууд, түүний дотор ОХУ-тай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд чиглэсэн бодлого баримталдаг. Энэ бол хоёр орны нийтлэг бодлого юм. Үүний зэрэгцээ ОХУ-ыг бид хөгжлийн чухал түншээ гэж үздэг. Тиймээс Ерөнхийлөгч В.Путинтэй энх тайвныг тогтоон, Солонгосын хойгийг нэгтгэхэд хамтран ажиллах болно. ОХУ хоёр Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй. Ирээдүйд бид энэ үйл явцад Оросыг татан оролцуулна. Солонгосын хойгийн энхтайвны тогтолцоог бий болгох талаар ОХУ, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулна. Орос улс Солонгосын хойгийг зөвхөн энхийн замаар нэгтгэх санаачилгыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд дэвшүүлдэгт талархаж байна.

-Ноён Ерөнхийлөгч өө, та Сингапурт болсон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын дарга Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалтын үр дүнг хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?

-Сингапурт болсон түүхэн дээд хэмжээний уулзалтаас миний хүлээж байснаас ч илүү үр дүн гарсан. Уулзалтын үр дүнд 70 жил үргэлжилсэн Умард Солонгос, АНУ-ын мөргөлдөөн эцэс болж байна. Одоо энэ хоёр орон харилцан дайсагналцлаа зогсоосон гэж найдаж байна. Нөгөөтэйгүүр бүс нутагт энх амгалан цаг тогтнох түүхийн шинэ эрин үе эхэлж байна. Уг уулзалтын төгсгөлд Умард Солонгосын тал цөмийн зэвсэггүй орон болоход бэлэн гэдгээ мэдэгдсэн бол АНУ Пхеньяны аюулгүй байдлын баталгааг хангахаа мэдэгдсэн. Хоёр тал эдгээр амлалтаа хугацаа алдалгүй хэрэгжүүлэх ёстой.

-Та өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд Ким Жон Ун даргатай уулзсан. Тэр танд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ. Умард Солонгосын удирдагчтай цаашид харилцаагаа хөгжүүлэх бодлого баримтлах уу?

-Ким Жон Ун залуу улстөрч гэхэд тун эелдэг, илэн далангүй хүн шиг санагдсан. Тэрбээр ахмад хүнийг хүндэлдэг солонгос заншлаар надтай харилцаж, Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй бүс болгох хүсэлтэйгээ илэрхийлсэн. Ким Жон Ун дэглэмээ хадгалж үлдэхийн тулд цөмийн хөтөлбөрөө зогсоох боломжтой гэсэн. Тэрбээр улс орныхоо эдийн засгийн хөгжилд сэтгэл зовниж байгаа. Пханмунжомын тунхаг бол Солонгосын хойгийг цэцэглэн хөгжүүлэх нэг зорилготой хоёр Солонгосын хүсэл эрмэлзлийн илэрхийлэл. Умард болон Өмнөд Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагаа ОХУ-тай гуравласан хэлбэрээр явагдах ёстой гэсэн санааг Ким Жон Ун гаргасан.

-Та Өмнөд болон Умард Солонгос, ОХУ-ын хамтарсан гурван талт эдийн засгийн төслийн талаар дурдлаа. Энэ талаар Ерөнхийлөгч В.Путинтэй ярилцаж, эрчим хүчний сүлжээ, төмөр зам, байгалийн хий дамжуулах хоолой зэрэг дэд бүтцийн салбар төсөлд багтсан. Эдгээр төслөөс хамгийн ирээдүйтэйг нь онцолбол?

-ОХУ, Өмнөд Солонгосын тал эдийн засаг, хүмүүнлэг, соёлын болон аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжтой. Гурван талт эдийн засгийн төсөл хараахан хэрэгжээгүй байна. Бүс нутагт урт хугацааны энхтайван байдлыг тогтоосны дараа бид энэ хамтын ажиллагаандаа Умард Солонгосыг оролцуулах боломжтой. Гурван талт хамтын ажиллагааны хүрээнд Солонгосын хойгийг холбосон төмөр зам, эрчим хүчний шугам, байгалийн хий дамжуулах хоолой барих зэрэг томоохон төсөл багтсан. Хоёр Солонгосыг холбосон төмөр замын төсөлд бид ихээхэн ач холбогдол өгч байгаа. Энэхүү замыг Транс-Сибирийн төмөр замтай холбох бодолтой байна. Энэ тохиолдолд Өмнөд Солонгосын барааны урсгал Транс-Сибирийн төмөр замаар дамжин Европт хүрнэ. Энэ нь зөвхөн Өмнөд Солонгосын төдийгүй БНАСАУ, ОХУ-ын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх болно. Мөн Умард Солонгосын нутгаар дамжуулан хоолой тавьснаар манай улсаас гадна Японы тал Оросоос байгалийн хий авах боломжтой.

-ОХУ, БНСУ-ын эдийн засгийн харилцааг Ерөнхийлөгч В.Путин үнэлдэг. Та Алс Дорнодын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Өмнөд Солонгос, Оросын хооронд тавих "есөн гүүр"-ийн талаар ярьсан. Эдгээр "гүүр"-ээс хэд нь “ашиглалтад орсон” бэ?

-Орос-Өмнөд Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагааг олон чиглэлд хөгжүүлэх боломжтой. Өнгөрсөн жил би хамтын ажиллагааны “есөн гүүр”-ийн талаар ярьсан. Энэ бол төмөр зам, байгалийн хий, цахилгаан эрчим хүч, боомтын дэд бүтэц, хөдөө аж ахуй, загас агнуур, хөлөг онгоц үйлдвэрлэл, соёл урлаг, аялал жуулчлал гэсэн есөн салбар юм. Эдгээр салбарыг хөгжүүлэхийн тулд Хөх ордны зүгээс ОХУ-тай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж эхэллээ. Алс Дорнодод БНСУ-ын хөрөнгө оруулалтыг дэмжих төв байгуулсан. ОХУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд хоёр улсын Засгийн газар төдийгүй хувийн хэвшлийн оролцоог хамарсан хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурсан. Хамтын ажиллагааны хэтийн төлөвийг биелүүлэхийн тулд ирэх есдүгээр сард Владивостокт дахин хэлэлцээрт гарын үсэг зурна. Хоёр орны худалдааны хэмжээ 19 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 40 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ бол зөвхөн эхлэл гэдгийг хэлэх хэрэгтэй.

-Ноён Ерөнхийлөгч өө, эдийн засаг бол чухал салбар ч соёлын харилцаанд төдийлөн хувь нэмэр оруулдаггүй. Бидэнд хөгжүүлэх шаардлагатай олон төсөл бий. Тухайлбал, соёл, урлаг, хүмүүнлэгийн салбарыг хөгжүүлэхийн тулд ямар бодлого баримтлах шаардлагатай вэ?

-Энэ талаар хоёр Ерөнхийлөгчийн алба болон Засгийн газрын комисс чиглэл аван ажиллаж байгаа. Москваг Өмнөд Солонгосоос асар хол гэж хүмүүс боддог. Гэхдээ бид Солонгос хойгт хил залгаа оршдог хөрш улс. ОХУ-ын Алс Дорнодын хязгаар манай улсад ойр. Тиймээс ОХУ Өмнөд Солонгосын тал Солонгосын хойгт энхтайвныг тогтоох, Зүүн хойд Азийн бүсийн олон талт аюулгүй байдлын механизмыг бий болгох, Евразийн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхэд зайлшгүй хамтран ажилладаг.

Х.Эрдэнэзаяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)