Хятад Европыг "ониллоо"
- 2018-06-27
- Дэлхий
- 0
Хятад, Европын эдийн засаг, худалдааны дээд уулзалт Бээжин хотноо болж өнөдөрлөө. “Даяаршлыг дэмжиж, Хятад, Европын хамтын ажиллагааг хөгжүүлэх” уриан дор болсон ээлжит уулзалтаар олон талт худалдааны тогтолцоог хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалтын чөлөөт байдлыг ахиулах, цахим эдийн засаг, худалдаа, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах, хөдөө аж ахуй, банк санхүүгийн хамтын ажиллагаа зэрэг сэдвээр ойлголтод хүрчээ. Талууд нэг талт болон худалдааг ивээх үзлийг эсэргүүцэж байгаа бөгөөд энэ нь дэлхийн эдийн засагт хүнд цохилт өгч байгааг онцолжээ. Дэлхийн худалдааны байгуулагын гол болгосон дүрэм, хэм хэмжээнд тулгуурлан олон талт худалдааны системийг хамгаалж, олон нийтэд хүртээмжтэй, тэнцвэртэй, харилцан ашигтай эдийн засгийн даяаршил тогтоохын тулд хамтран ажиллахаа талууд илэрхийллээ. Хятадын тал Европын холбоотой урт хугацааны тогтвортой, харилцан ашигтай, эдийн засаг, худалдааны бодлого хэрэгжүүлэх уулзалтын үеэр мэдэгдсэн юм. Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян “БНХАУ, Европын холбоо бол дэлхийн эдийн засгийн гол цогц юм. Мөн импортын эх үүсвэр бүс төдийгүй экспортын гол зах зээл билээ. Хятад улс Европын холбоотой зөвшилцөлд хүрч, олон талт байдал, чөлөөт худалдааны системийг хамтран хамгаалж, худалдаа хөрөнгө оруулалтыг хялбарчилж, эдийн засгийн даяаршил, дэлхийн эдийн засаг сэргэн хөгжихөд хувь нэмэр оруулж, дэлхий дахинд идэвхтэй тогтвортой дохио өгөхөд бэлэн байна” гэжээ.
Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпиний эдийн засгийн зөвлөх Лью Хэ "БНХАУ Европын холбоотой худалдааны системээ хамгаалах тохиролцоонд хүрсэн" гэж мэдэгдлээ. БНХАУ болон Европын холбоо АНУ-ын протекционист бодлогын улмаас дэлхийн эдийн засаг хямрах эрсдэлтэйг анхааруулсан байна. Мөн худалдааны маргаан даамжирвал БНХАУ Европын улс орнуудтай хийх худалдаагаа тэлэх сонирхолтой байгааг ажиглагчид онцолжээ. Харин АНУ-ын Сангийн яам тус улсын гол салбарууд дахь БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг хязгаарлахаар төлөвлөж байгааг ойрын эх сурвалж мэдээллээ. Үүнд ялангуяа цахилгаан автомашин, робот, сансар судлал зэрэг технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд хамаарах юм байна. Хэдий тийм боловч энэхүү мэдээллийг АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин үгүйсгэж “Зөвхөн БНХАУ биш АНУ-ын технологийг хулгайлахыг оролдож байгаа бүх улс оронд хамаатай” гэжээ. Түүнчлэн БНХАУ-ын тал АНУ-аас худалдан авдаг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ Францаас импортлохоор болсон ба “Airbus” компаниас нисэх онгоц худалдан авч магадгүй гэдгээ илэрхийлсэн байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн нэгдүгээр сард Бээжинд айлчлах үеэр “Airbus”-ийн 180 нисэх онгоцыг худалдах хэлэлцээрийг эхлүүлсэн билээ. БНХАУ АНУ-тай худалдааны маргаантай байгаа энэ үед Европтой худалдааны харилцаагаа бэхжүүлэхийг зорьж байгааг ажиглагчид онцолж байна. Талууд АНУ-ын худалдааны протекционист бодлогын эсрэг хариу арга хэмжээ авахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Францын Ерөнхий сайд Эдуард Филипп Бээжинд айлчилж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзжээ. Уулзалтын дараа “Хэрэв бид олон улсын худалдааны дүрэм журмаа зарим талаар сайжруулах шаардлагатай болбол одоогийн механизмдаа уялдуулж, яриа хэлэлцээний журмаар асуудлуудаа шийдвэрлэнэ гэдэгт БНХАУ Франц болон Европын талтай зөвшилцөлд хүрсэн. Дэлхийн эдийн засаг сэргэж байгаа эерэг дүр зураг ажиглагдаж байгаа. Гэхдээ тогтворгүй байдалтай нүүр тулсан бол талууд бүгд худалдааны протекционист бодлого биш, харин худалдаагаа дэмжих бодлого хэрэгжүүлэхийн төлөө хамтарч ажиллах нь зүйтэй” гэдгийг Ли Көцян онцоллоо. Харин Францын Ерөнхий сайд Эдуард Филипп ““Нэг бүс, Нэг зам” төсөл зарчимтайгаа үргэлж уялдаж байх хэрэгтэй. Эн тэргүүнд харилцан хоёр талд ашигтай байх хэрэгтэй. Түүнчлэн ил тод байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангасан байх хэрэгтэй. Дэд бүтцийн, олон улсын худалдааны аливаа төсөл хөтөлбөрүүд харилцан ашигтай байх журамд нийцсэн байх хэрэгтэй. Тиймээс эцсийн дүндээ талууд харилцан ашигтай үр дүнгийн төлөө хамтарч ажиллана гэж найдаж байна” гэсэн байна.
Х.Эрдэнэзаяа
Сэтгэгдэл (0)