АНУ-ын компаниуд алдагдал хүлээж эхэллээ
- 2018-06-28
- Дэлхий
- 0
АНУ-ын ган ба хөнгөн цагааны гаалийн татварыг нэмэх шийдвэрийн улмаас мотоцикль үйлдвэрлэгч “Harley-Davidson” компани зарим үйлдвэрээ АНУ-аас гаргахаа мэдэгдлээ. Учир нь, АНУ-ын импортын татварын эсрэг Европын холбоо импортын татвар ногдуулах хариу арга хэмжээ авсан нь үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлж, улмаар жилд 100 сая ам.долларын зардал гарна гэж тус компани тооцоолжээ. Үүнээс гадна БНХАУ-д үйлдвэрлэсэн автомашины сэлбэгээ АНУ-д нийлүүлдэг “General Electric” компани худалдааны маргаан даамжрах эрсдэлээс сэргийлэн нийлүүлэлтийн өөр суваг хайж эхэлсэн гэдгээ мэдэгдээд байна. АНУ, БНХАУ-ын худалдааны асуудал АНУ-ын компаниудад ийнхүү сөргөөр нөлөөлж эхэлсэн аж. Тиймээс компаниуд эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх ажлыг хийж эхлээд байгааг шинжээчид онцолж байна. Түүнчлэн АНУ-ын Сангийн яам технологийн салбар дахь гаднын хөрөнгө оруулалтыг хязгаарлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Энэ нь олон улсын тавцанд АНУ-ын компаниудын өрсөлдөх чадварыг бууруулах эрсдэлтэйг шинжээчид анхааруулж байна.
Харин Цагаан ордны худалдааны зөвлөх Петер Наварро “Ямар ч улсад хөрөнгө оруулалтын хязгаарлалт тогтоох төлөвлөгөө байхгүй” гэж мэдэгджээ. Мөн Дональд Трампын худалдааны бодлого эдийн засгийг дэмжих зорилготой гэсэн байр суурийг АНУ илэрхийлж байгаа бол Европын холбоо үүнийг “Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмыг зөрчсөн үйлдэл” гэв. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс "Ерөнхийлөгч Дональд Трампын худалдаа, эдийн засгийн бодлого АНУ-ын эдийн засагт томоохон дэвшил авчирна. Энэхүү бодлогын хүрээнд 300 мянга гаруй ажлын байр бий болгох зорилт багтаж байна. Одоогоор ажилгүйдлийн төвшин 2000 оноос хойшхи хамгийн бага хэмжээнд хүрч 3.8 хувь болсон. Мөн үйлдвэрлэлийн салбарт итгэх итгэлийн үзүүлэлт өмнө нь байгаагүй өндөр боллоо. Харин Европын холбоо АНУ-ын ажилчдыг шударга бусаар шийтгэж, худалдааны ялгавартай бодлого явуулах гэж байна. Тиймээс Ерөнхийлөгч Дональд Трамп чөлөөт, шударга худалдаагаа үргэлжлүүлж, энэ асуудалд Европын холбоо бидэнтэй хамтарна хэмээн найдаж байна” гэж мэдэгдлээ. Европын холбооны Худалдааны комиссар Сесилия Мальмстрём “Бид алхам алхмаар арга хэмжээ авах хэрэгтэй. АНУ ган, хөнгөн цагаанд импортын татвар ногдуулах шийдвэрийг Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмыг зөрчсөн явдал гэж үзэж байна. Тиймээс бид гурван зүйл баримтална. Үүнд эхлээд Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг зөрчсөнд тооцно. Үүнийг бид аль хэдийнэ хийсэн. Дараа нь дотоодын үйлдвэрлэлийг хамгаалахад чиглэсэн судалгаа, шинжилгээ хийх болно. Харин эцэст нь хариу татвар ногдуулна. Одоогоор худалдааны маргааны асуудлаар АНУ-тай яриа хэлэлцээр хийгээгүй байна” гэжээ. Дашрамд өгүүлэхэд, АНУ-ын Дээд шүүх Ерөнхийлөгч Дональд Трампын баталсан Цагаачлалын тухай хуулийг дэмжин, хүчин төгөлдөр хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. Америкийн Дээд шүүх улс орны тэргүүн эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах үүднээс “аюултай” гэж үзсэн улс орны иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглох шийдвэр гаргах эрхтэй гэж үзсэн байна. Энэ шийдвэрийг Дээд шүүхийн танхимын есөн шүүгчийн тав нь дэмжсэнээр Трампын хуулийг дэмжиж, хоригийг цуцалжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны тэргүүний суудалд суусны дараагаар хамгийн түрүүнд Цагаачлалын хуулиа чангатгаж, Иран, Ливи, Сири, Сомали, Йемен зэрэг улс орны иргэдийг тодорхой хугацаанд АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэхийг нь хориглох журам баталсан юм. Дээд шүүхийн шийдвэрээс өмнө Америкийн доод шатны шүүх байгууллагууд Ерөнхийлөгч Д.Трампын Цагаачлалын эсрэг хуулийн зүйл заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн хориг тогтоогоод байжээ. Гэсэн ч энэ шийдвэрийг Дээд шатны шүүх хүчингүй болгож, Ерөнхийлөгч Дональд Трампын талд зогссон байна.
Х.Эрдэнэзаяа
Сэтгэгдэл (0)