НҮБ хар тамхины эсрэг дайн зарлалаа
- 2018-06-28
- Дэлхий
- 0
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш Олон улсын хамтын нийгэмлэгт хандан мансууруулах бодистой тэмцэх хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг уриаллаа. Олон улсын мансууруулах бодистой тэмцэх өдөр энэ сарын 26-нд тохиосон ба НҮБ-аас “Мансууруулах бодисын асуудал бол хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн эгзэгтэй сорилтын нэг бөгөөд эрүүл мэнд, аз жаргал, гэр бүл, аюулгүй байдал, тогтвортой хөгжил зэрэгт ихээхэн сөрөг нөлөө учруулж байна” гэж мэдэгджээ. А.Гуттериш “Мансууруулах бодистой тэмцэх асуудлаар олон улс хамтран ажиллах шаардлагатай байна” гээд олон орон эм бэлдмэлийн замбараагүй хэрэглээнээс сэргийлж, түүнийг орлуулах өөр арга сэдэн, мансууруулах бодисын наймаа, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй хатуу тэмцэхийг уриаллаа.
НҮБ- ын Аюулгүйн зөвлөлийн 1987 онд баталсан тогтоолоор жил бүрийн зургаадугаар сарын 26- ныг олон улсын мансууруулах бодистой тэмцэх өдөр болгосон юм. Энэ өдрийг тохиолдуулж Хятад улс "Мансууруулах бодисгүй эрүүл, ногоон амьдрал" уриан дор сурталчилгааны олон арга хэмжээ зохион байгуулжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, 2018 оны эхний хагаст Хятадын гаалийн байгууллага мансууруулах бодис хулгайгаар хил давуулахаар оролдсон нийт 227 удаагийн хэргийг илрүүлж, марихуан, героин, кокайн, кодин, кетамин зэрэг 1.93 тонн мансууруулах бодис хураан авч, хэрэгт холбогдсон 169 хүнийг баривчилсан нь 2017 оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн тоо нэмэгдсэн байна.
Х.Заяа
Сэтгэгдэл (0)