Трампын уулзалт АНУ-н аюулгүй байдлыг хангах зорилготой

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын төрийн тэргүүний Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтоныг хүлээн авч уулзжээ. Кремлийн ордонд болсон энэхүү уулзалтаар ОХУ, АНУ-ын төрийн тэргүүний уулзалтын талаар тохиролцоонд хүрсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Жон Болтон ч ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа хэвлэлийн бага хурал зарлаж, дээд уулзалтыг гуравдагч орны нутаг дэвсгэрт зохион байгуулахаар тохиролцсоныг мэдэгдлээ. Тэрбээр “АНУ, ОХУ-ын Төрийн тэргүүнүүдийн уулзалт чухал ач холбогдолтой. Саналын зөрүүгээс үл хамааран хэлэлцэх асуудал олон бий. Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгчтэй шууд яриа хэлэлцээр хийх нь АНУ, ОХУ-ын эрх ашигт нийцнэ гэж үзэж байгаа. Энэ нь дэлхийн энх тайван, аюулгүй байдалд ч чухал нөлөөтэй. Ерөнхийлөгч Д.Трампын уулзалтын зорилго бол үндэсний аюулгүй байдал” хэмээжээ. Үүний зэрэгцээ В.Путин, Д.Трампын уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж байгаа нь Крымийг хүлээн зөвшөөрөх, Оросын эсрэг авсан хоригийг цуцлах гэх мэт гол асуудлаарх АНУ-ын байр суурийг өөрчлөхгүйг Жон Болтон онцлон тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг дээд уулзалтаар хөндөж хэлэлцэхгүй аж.

Сүүлийн үед олон улсад өрнөсөн үйл явдлын улмаас хоёр улс талцах болсныг шинжээчид “Хүйтэн дайны үеийн Орос-Америкийн харилцаа эргэн ирлээ” хэмээн болгоомжилж байлаа. Энэ удаагийн уулзалтаар хоёр улс сайн хөршийн харилцаагаа сэргээх боломжтой гэж ажиглагчид үзэж байгаа бөгөөд “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар зохих шийдлүүдэд хүрэх нөхцөл бий болно” гэсэн байр суурьтай байна. Харин АНУ-ын сонгуульд ОХУ хөндлөнгөөс нөлөөлсөн гэх асуудлыг Оросын талын санаачилгаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм. Энэ асуудлаар Жон Болтон Оросын төрийн тэргүүнтэй санал солилцжээ. Тэд харилцан дипломат төлөөлөгчдийг албадан гаргаж, дипломат ажилтнуудын тоог цөөрүүлсэнтэй холбоотой асуудлаар хэлэлцээгүй байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын төрийн тэргүүн Д.Трамп нар дээд хэмжээний уулзалт ирэх сарын 15-нд болно гэж эх сурвалжууд мэдээлж байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаковын мэдээлснээр, дээд хэмжээний уулзалтын үеэр талууд хаалттай уулзалт хийж, хоёр улсын харилцаа болон Сирийн нөхцөл байдлыг зохицуулах, зэвсэглэлийн асуудлыг хөндөн ярилцах аж. Мөн хамтарсан мэдэгдэл ч хийж магадгүй гэнэ. Энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр талууд тохиролцоонд хүрч болзошгүй байгаа нь НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллагын байр суурийг ганхуулна гэж Их Британи болгоомжилж байна. Энэ тухай “The Times” сонин мэдээлжээ. Хоёр улсын удирдагчдын уулзалтын дүнд Ерөнхийлөгч Д.Трамп НАТО-гийн төлөвлөсөн цэргийн сургуулилтыг цуцалж магадгүй байгаа нь тус эвслийг хямралд оруулна гэж ажиглагчид үзэж байна. Түүнчлэн хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болсноор Д.Трамп Крымийг Оросын хэсэг гэж хүлээн зөвшөөрч, хориг арга хэмжээний бодлогыг эргэн харж магадгүй гэж Их Британийн Засгийн газар болгоомжилж байгаа аж.

Түүнчлэн талууд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон гэх асуудлыг хөндөн хэлэлцэж магадгүй гэнэ. Хоёр улсын удирдагчдын уулзалтыг хаана, хэзээ зохион байгуулах талаар талууд зөвшилцсөн хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгджээ. АНУ-ын эх сурвалжууд “Ерөнхийлөгч Д.Трамп НАТО-гийн дээд хэмжээний уулзалтыг дуусгаад Оросын төрийн тэргүүнтэй уулзахаар Финландын Хельсинк хотыг зорино” гэжээ. Харин Европын эх сурвалжууд “Цагаан ордны тэргүүн Д.Трамп Европын орнуудаар хийх айлчлалаа дуусгаад Германы Гамбург хотод болох “Их 20”-ийн дээд уулзалтын өмнө ОХУ-ын Ерөнхийлөгчтэй нүүр тулан уулзах боломжтой. Тэдний уулзалтыг Вена хотод ирэх сарын 15-нд зохион байгуулж магадгүй” гэж тооцож байгаа юм.Түүнчлэн Кремлийн Гадаад бодлогын зөвлөх Ю.Ушаков "Дональд Трамп, Владимир Путин нарын уулзалт энэ зуны онцлох үйл явдал байх болно" гэсэн байна. Дональд Трамп өнгөрсөн зун Германд болсон "Их 20"-ийн уулзалтын үеэр Владимир Путинтэй уулзаж байсан юм. Тэрбээр ОХУ-ын олон улс дахь нөлөөг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн аж. Түүнчлэн энэ сарын эхээр болсон “Их 7”-гийн уулзалтын үеэр мөн ОХУ-ыг "Их 7"-д эргэн нэгдэхийг уриалжээ.

Х.Эрдэнэзаяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)