Дублины гэрээг цуцлахыг шаарджээ
- 2018-06-30
- Дэлхий
- 0
Европын холбооны гишүүн орны төр, засгийн тэргүүнүүд шүдний өвчин болоод байгаа гаднын хууль бус дүрвэгсдийн асуудал, БРЕКСИТ, худалдааны дайн, Европын холбоог тэлэх үйл явц зэрэг олон чухал сэдвээр Брюссельд санал солилцож байна. Сүүлийн үед Европын орнууд хууль бус дүрвэгсдийн асуудлаар ихээхэн санал зөрөлдөж, нэгдсэн бодлого, чиг журам гэхээс илүүтэй дотоодын аюулгүй байдал, улс үндэснийхээ эрх ашгийг тэргүүн эгнээнд тавих болсон юм. Ингэснээр өмнө нь ямар нэгэн байдлаар зохицуулалт хийж, шийдвэрлэх гарцаа олоод байсан дүрвэгсдийн асуудал Европын холбооны улс төрийн хямрал болон даамжрахад хүргэлээ. Олон улсын хил гаалийн “Фронтекс” байгууллагын тооцоолсноор сүүлийн жилүүдэд Сири, Йемен, Ойрхи Дорнодын бүс дэх хямралаас шалтгаалан Европыг зорих цагаач дүрвэгсдийн тоо эрс нэмэгдэж, урсгал нь татрахгүй байна.
Хэдийгээр Европын холбоо дүрвэгсдийн асуудлыг шийдэхийн тулд гишүүн улс орнууддаа дүрвэгч хүлээн авах квот тогтоосон ч үүнтэй улс орнууд нэгдэхгүй байгаа. Вишеградын дөрвөл гэгддэг Зүүн Европын орнууд, мөн засаг захиргаа нь шинэчлэгдсэн Итали, Чех гэх мэт улс орон нэгдсэн Европын дүрвэгсдийн бодлогыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм. Тэдгээр улсын Засгийн газар гаднын дүрвэгсдийг нутаг дэвсгэр дээрээ хүлээн авахаас татгалзсан нь Европын нөлөө бүхий бодлого тодорхойлогч улс орнуудын байр суурийг ганхуулж, улмаар Шенгений бүс гэж байх хэрэгтэй эсэх асуудал яригдаж эхэллээ. Улс орнууд гаднын цагаач дүрвэгчийг хүлээн авах ёстой Дублины гэрээг цуцлахыг шаардаж, хэрвээ нэн даруй шийдвэртэй алхам авахгүй бол Европын улс орнууд Шенгений журмаас татгалзаж, улс орныхоо хил гаалийг хааж, чангатгахаас аргагүй байдалд хүрнэ гэж үзэж байна. Брюсселийн дээд хэмжээний уулзалтаар Европын холбооны улс орнуудын эрх ашгийг хөндөөд байгаа Америктай үүссэн худалдааны дайн, Цагаан ордны тэргүүний тавьсан төмөр, хөнгөн цагааны импортын татварыг нэмсэнтэй холбоотой асуудлаар талууд санал солилцоно. Мөн түүнчлэн хоёр жилийн өмнө баталсан БРЕКСИТ-ийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл явцыг Европын удирдагчид хөндөн хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Б.Ану
Сэтгэгдэл (0)