Пхеньян хотоос Сөүл хот хүртэл машинаар саадгүй зорчих боломжтой болно
- 2018-07-01
- Дэлхий
- 0
Хоёр Солонгосын тээврийн яамны өндөр дээд тушаалын түшмэд автомашины замуудыг холбох тухай яриа хэлэлцээг эхлүүлэв. Автозамуудыг холбосноор алсдаа Умард Солонгосын нийслэл Пхеньян хотоос Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот хүртэл машинаар саадгүй зорчих боломжтой болох юм. “Рёнхап” агентлагийн мэдээлснээр, зөвлөлдөх уулзалт хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгонд болж байгаа аж.
Зөвлөлдөх уулзалтаар Умард Солонгосын Кэсон болон Өмнөд Солонгосын Мунсан хот хооронд 19 километр автозам барих асуудал яригдаж байгаа аж. Энэ замыг барьснаар Пхеньян болон Сөүл хүрэх замыг нэг замд холбох боломж бүрдэх юм байна. Гэсэн хэдий ч цөмийн болон пуужингийн туршилт явуулсантай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг нэвтрүүлсэн нь хоёр Солонгосын эдийн засгийн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллахад саад учруулж байгаа учир талууд зөвхөн урьдчилсан маягаар судалгаа хийх талаар хэлэлцэж магадгүй гэж үзэж байна.
Б.Саруул
Сэтгэгдэл (0)