21-р зуун өмнөх зуунуудаас илүү халуун байна

Британид өнгөрсөн он нь 1910 оноос хойшхи хамгийн дулаан таван жилийн нэг байсан тухай тус улсын цаг уурын газраас мягмар гарагт гаргасан тайланд тэмдэглэжээ гэж "Синьхуа" агентлаг мэдээлэв.

Тус улсын уур амьсгалын жил бүрийн тайланд дурдсанаар, жил ирэх тусам агаарын хэм улам дулаарсаар байгаа нь ажиглагджээ. Мөн 21-р зуун нь өмнөх гурван зуунтай харьцуулахад илүү дулаарсан үзүүлэлт гарсан байна.

Сүүлийн арван жилийн хугацаанд агаарын дундаж температур 1961-1990 оны дундажтай харьцуулахад цельсийн 0.8 хэмээр дулаарсан аж. Мөн хур тунадасын хэмжээ 8 хувиар нэмэгдсэн бол нар тусах нь 6 хувиар илүү болсон байна. Түүнчлэн энэ оны зун сүүлийн хэдэн арван жилийн дунджаас илүү чийглэг байгаа бөгөөд 1961-1990 оны үеийнхээс 20 хувиар их бороо ороод байгаа ажээ.

“Дэлхий даяар уур амьсгал өөрчлөгдөж байна. Манай улсад ч ялгаагүй байгаа бөгөөд өнгөрсөн 2017 он нь онцгой дулаан жил байсан билээ. Зун нь их бороо орж, өвөл нь цас ихтэй байсан. Үүнээс үл хамааран урт хугацаанд харьцуулж үзвэл, 2017 он нь 1961-1990 оны үеэс цельсийн нэг хэмээр дулаарсан байна” гэж Британийн үндэсний уур амьсгалын мэдээллийн төвийн цаг уурын газрын мэргэжилтэн Марк Маккартни мэдээлсэн байна.

Б.Энхээ

Эх сурвалж: cnn.com

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)