Николас Мадуро: Венесуэльчуудын хэдэн хувь нь Америкт очихыг хүсдэгийг тааварлашгүй
- 2018-08-03
- Дэлхий
- 0
Николас Мадуро Венесуэлийн Ерөнхийлөгчөөр улиран сонгогдож, тус улсыг дахин зургаан жил удирдахаар болсон билээ.Түүний "France 24"-д өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-Ноён Ерөнхийлөгч өө Венесуэльд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ АНУ, НҮБ тэргүүтэй олон улс илэрхийлээд байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ бол шинэ зүйл огт биш. Венесуэльд ямар ч шатны сонгууль болсон АНУ-ын Ерөнхийлөгчид сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлдэг. Билл Клинтон, Жорж Буш, Барак Обамагийн засаг захиргааны үед ч ийм байсан. АНУ-ын засаг захиргаа солигдсон ч Венесуэлийн эсрэг баримталж буй бодлогод ямар ч өөрчлөлт ордоггүй.
-Та энэ удаагийн сонгуулиар сонгогчдын олонхын саналыг авсан. Нийт санал өгсөн иргэдийн тоог танд саналаа өгсөн иргэний тоотой харьцуулбал харьцангуй өндөр тоо гарна. Өмнө нь та ийм хэмжээний өндөр үзүүлэлтээр ялалт байгуулж байгаагүй. Та нэгэнт сонгуульд ялсан болохоор Үндэсний ассемблейг тарааж, дахин шинээр бүрдүүлсэн байх?
-Мэдээж, Үндэсний ассемблейг шинээр бүрдүүлсэн. Гэхдээ чадварлаг, ажлаа мэддэг хүмүүсийг албан тушаалд нь үлдээсэн.
-Ард иргэдийн олонх нь Венесуэльд тулгамдаж буй хамгийн том бэрхшээлээр нэгдүгээрт, эдийн засгийн нөхцөл байдал, хоёрдугаарт аюулгүй байдлын асуудлыг нэрлэж байна. Үнэндээ Венесуэль эдийн засгийн "дайн"-тай тулгараад байгаа. Газрын тосны ханш дэлхийн зах зээл дээр унаснаас хойш Венесуэльчүүд эдийн засгийн маш хүнд нөхцөлд орсон?
-Тийм ээ. Гэхдээ өнгөрсөн зуунд нөхцөл байдал одоогийнхоос хүнд байсан шүү дээ. Бид газрын тосноос хараат амьдардаг. Газрын тосны ханш түүхэндээ баррель тутамдаа 120 ам.доллар, зарим үед 20 ам.долларт ч хүрч байсан үе бий. Тэр үед хэн ч хоолгүй, орлогогүй, сургуульгүй хоцорч байгаагүй юм. Түүнчлэн Венесуэль бараа бүтээгдэхүүнийхээ 70 орчим хувийг гаднаас импортолдог. Манай улсад тулгараад буй эдийн засгийн нөхцөл байдал бий болоход газрын тосны хараат байдал, олон улсын санхуүгийн дайн, дотоодын үйлдвэрлэлийн дутмаг байдал, инфляцын өсөлт нөлөөлсөн.
-Өнгөрсөн хугацаанд та хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд хэдэн удаа нэмсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн оны тавдугаар сард 60 орчим хувиар нэмсэн. Гэсэн ч юу ч өөрчлөгдсөнгүй, инфляцын төвшин 13 мянга орчимд хүрээд байна. Одоо хамгийн чухал нь эдийн засгийн энэ хүнд байдлаас гарах гарц олох шүү дээ. Энэ талаар юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Инфляцын төвшин 13 мянгад хүрсэн гэж чи ямар баримтад тулгуурлаж хэлээд байна вэ. Олон улсын валютын сангаас гаргасан тоо баримт уу. Венесуэлийн Төв банкнаас инфляцын төвшинг харуулсан статистик мэдээллийг тогтмол гаргадаг. Энэ бол худлаа мэдээ. Харин эдийн засгийн хувьд "Боливийн эдийн засгийн 15 хөдөлгүүр" хэмээх стратеги боловсруулан хэрэгжүүлж байгаа. Стратегийн зорилго Венесуэлийг газрын тосноос хараат бус болгох. Тиймээс нэгдүгээрт, хөдөө аж ахуйн салбарыгдэмжин ажиллана. Хоёрдугаарт, ажилчдын хөдөлмөр эрхлэлтийг тогвортой болгоно. Хэрэв дотоодын үйлдвэрлэл болон хөдөө аж ахуйн салбараа дэмжин ажиллаж чадвал хэрэглээний хамгийн чухал 24 бүтээгдэхүүний 20- ийг өөрсдөе үйлдвэрлэх боломжтой болно. Инфляцын өсөлтийг дан ганц Ерөнхийлөгч шийдэж чадахгүй шүү дээ. Тиймээс тулгараад буй нехцөл байдлыг ард иргэд болон Засгийн газрын хамтын хүчээр л шийдэх боломжтой.
-Венесуэльчүүдэд эдийн засгийн хямралаас гадна хүмүүнлэгийн олон асуудал тулгарч байна. 0-5 насны хүүхдүүдийн 70 орчим хувь нь өлсгөлөнд нэрвэгдсэн гэсэн судалгаа гарсан байсан?
-Венесуэлийн тухай гарч буй мэдээлэл, судалгаа бүхэн үнэн биш. Тийм ээ эдийн засгийн нөхцөл байдал, хүмүүнлэгийн хямрал газар авч байгаа нь үнэн. Гэхдээ АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаа шиг тийм төвшинд очоогүй.
-Тэгвэл одоогийн байдлаар хамгийн багадаа 1.5 сая хүы зөвхөн он гарснаас хойшх хугацаанд улсаа орхин гарсан гэдэг үнэн үү?
-Үгүй
-Гэхдээ Улаан загалмайн нийгэмлэгээс энэ тоо баримтыг гаргасан шүү дээ?
-Улаан загалмайн нийгэмлэг колумбичууд болон венесуэльчүүдийн нийт тоог гаргасан байх. Өнгөрсөн жил л гэхэд нэг сая орчим Колумбийн иргэн манай улсаар дамжин өөр орнууд руу цагаачилсан.
-Ерөнхийлөгчөөр ажиллах энэ хугацаанд тань маш олон үйл явдал боллоо. Энэ бүх эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдлын гол буруутан буюу хөшигний ардах эрхэм АНУ гэж боддог хэвээр л байна уу?
-АНУ-ыг оролцсон гэх баталгаа байхгүй байна. Тэгэхдээ миний зөн совин АНУ-ын гар хөл Венесуэльд гүйгээд байгааг мэдэж байна.
-Венеусэлийн агуу удирдагч Уго Чавес амьд сэрүүн байхдаа АНУ-тай мөн л таагүй харьцаатай байсан шүү дээ. Та Ерөнхийлөгч болсныхоо дараа энэ бүх байдлыг зогсоохын тулд яагаад чухал алхам хийгээгүй юм?
-Америк бол хүчирхэг гүрэн. Үүнтэй хүн бүр санал нийлнэ. Венеусэлийн газар нутагт амьдарч буй иргэдийн хэдэн хувь нь мөрөөдлөө биелүүлэхийн тулд Америкт очихыг хүсдэгийг тааварлашгүй. Гудамжинд таарсан хүмүүсээс ирээдүйн мөрөөдлийнх нь тухай асуухад АНУ гэж хариулах нь хэд бол. Ард түмнийхээ мөрөөдлийг зогсоох, хязгаарлах эрх надад байхгүй. Уго Чавес Венеусэль гэх улсыг Америкжихаас л сэргийлж байсан болохоос АНУ-тай муу харилцаатай байхыг хүсээгүй. Харин Америк энэ бүхнийг өдөөн хатгасан зүйл хэмээн үзэж, Венеусэлийн тусгаар тогтнолд заналхийлж эхэлсэн.
-АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Херберт Макмастер таныг "дахин давтагдашгүй клуб"-т зүй ёсоор багтана гэж мэдэгдсэн удаатай. Тус клубт өдгөө Сирийн Еренхийлөгч Башар Асад, Зимбабве улсын Ерөнхийлөгч асан Роберт Мугабе, Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун багтдаг. Түүнчлэн таныг дэлхийн олон орны удирдагч "Венесуэлийн ард түмний хүсэл зоригийг үл хэрэгсдэг дарамгуйлагч" хэмээн тодорхойлоод байна. Үүнтэй санал нийлэх үү?
-Намайг шүүмжилдэг дэлхийн улс орнуудын тэргүүн нар өөрийн улсдаа надаас ч илүү хатуу арга ашигладаг. Испанийн Засгийн газрын удирдлага Мармано Раха 700 хотын даргыг баривчлахаар Каталони руу цагдаа илгээж байсан. Тэтэхээр хэн нь дарангуйлагч байна. Сөрөг хүчиндээ бүх нийтийн санал асуулга явуулахыг зөвшөөрдөг Мадуро юу, аль эсвэл Каталоны амыг нь барихыт завдсан Раха юу.
-Та Ойрхи Дорнодын орнуудад болсон шиг зүйл тохиолдож, АНУ цэргийн хүчнээ Венесуэльд оруулах вий гэхээс айж байна уу?
-Ирак, Сири, Ливи зэрэг олон орны ирээдүйгээр Вашингтон тоглосон ч хэн ч юу ч хийж чадаагүй. Тиймээс Латин Америкт ч Ойрхи Дорнодын орнуудад тохиолдсон шиг зүйл болохгүй гэх үндэсгүй.
Ц.Даваа
Сэтгэгдэл (0)