Их гүрнүүдийн худалдааны маргааны хөлд хөгжингүй орнууд үрэгдэх нь
- 2018-08-14
- Дэлхий
- 0
ОХУ болон барууны орнууд өнгөрсөн 2015 онд нэг нэгэндээ хориг тавьж эхлэх үед ажиглагчид дэлхийд шинэ худалдааны дайн эхэллээ хэмээн ярьж байв. Энэ дайн ямаршуухан цар хүрээтэй байх вэ, хэзээ дуусгавар болох вэ хэмээн шинжээчид таамаглах хооронд дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын хооронд ширүүхэн худалдааны дайн дэгдлээ. Худалдааны дайн гэх нэр томьёо огт шинэ зүйл биш. XIX зууны эхэн үеэс улс орнуудын хооронд худалдааны дайн эхэлсэн байдаг. Гэхдээ үүнээс аль нэг орон хожсон нь үгүй. Америкийн худалдааны дайн хийсэн түүхийг эргэн санахад бүгд Америкийн дотоодын эдийн засагт асуудал гарснаас үүсч, эрх баригчид худалдааны дайнаар бусдад хариуцлага үүрүүлж, хорт үр уршиг нь бусад оронд нөлөөлсөн байдаг.
Жишээлбэл, 1930 оны зургаадугаар сарын 17-нд Америкийн Ерөнхийлөгч асан Хэрбэрт Цларк Хоовэр “Смоот- Хавлэй гаалийн татварын хуулийн төсөл”-ийг баталж, 2000 гаруй төрлийн импортын бараанаас гаалийн татвар хурааж, олон орон гаалийн татвар нэмж авах хариу арга хэмжээ авахад хүрсэн байна. Үүний үр дүнд Америкийн экспорт, импорт 50 гаруй хувиар буурч, урт хугацааны эдийн засгийн гүнзгий хямралд автсан юм. Дэлхийн экспорт, импортын хэмжээ ч 1930-1934 оны хооронд буурч, хамгийн ихдээ 40 хувиар буурсан үзүүлэлт гарч байсан удаатай. Энэ удаа ч гэсэн АНУ-ын Засгийн газар худалдааны дайн дэгдээгээд буй. Хэн хэнийгээ тарифаар торгох АНУ, Хятадын худалдааны дайн эхлээд хагас сарыг үдлээ. Өнгөрсөн сарын 6-наас Хятадын 818, АНУ-ын 545 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд импортын шинэ тариф үйлчилж эхэлсэн. Эдгээр бараа бүтээгдэхүүний нийт дүн нь 70 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй юм. Гэхдээ торгууль ингээд дуусахгүй бөгөөд АНУ-ын 114, урд хөршийн 200 гаруй бүтээгдэхүүний тарифыг чангална гэдгээ хоёр тал мэдэгдсэн. Одоогоор Хятадын ган, хөнгөн цагаан, нэхмэл сүлжмэл эдлэлийн бараа бүтээгдэхүүн АНУ- ын тарифын өндөр босготой нүүр тулсан. Харин АНУ-ын хөдөө аж ахуйн мах, шош, буудай, далайн бүтээгдэхүүн, автомашин тэргүүтэн багтчихаад байгаа юм. АНУ- ын зарласан худалдааны дайн Хятадаар зогссонгүй. Дональд Трамп Туркийн хөнгөн цагаанд 20 хувь, ганд 50 хувийн импортын татвар оноох болсноо зарлаад байгаа юм. Энэ нь өнгөрсөн гуравдугаар сард Вашингтон дэлхийн хэд хэдэн орны металлын импортод татвар оногдуулж байсантай харьцуулахад хоёр дахин өндөр. Үүнтэй холбоотойгоор ам.доллартай харьцах турк лирийн ханш түүхэн доод хэмжээнд очтолоо унасан. Үүнээс үүдэж Турк улс Орос, Хятад, Украин, Иран зэрэг худалдааны томоохон түнштэйгээ төлбөр тооцоогоо үндэсний валютаар хийдэг болохоор бэлтгэж байгаагаа Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ч мэдэгдээд байна.
АНУ-ЫН БАРИМТАЛЖ БУЙ БАЙР СУУРЬ
АНУ-ын эхлүүлсэн худалдааны дайнд тус улсын улстөрчид харилцан адилгүй хандаж байна. Ардчилсан намын олонх нь Ерөнхийлөгчөө дэмжиж байгаа бол бүгд найрамдахчууд эсэргүүцэж буй. Учир нь, тус намныхан чөлөөт худалдааг дэмждэг уламжлалтай. Конгрессын дээд танхим дахь ардчилсан намынхны удирдагч, сенатч Чак Шумер “Хятад Улс худалдааны асуудлаар үнэхээр манай дайсан. Оюуны өмч хулгайлж, манай компаниудыг зах зээлдээ өрсөлдүүлэх боломж олгохоос татгалзаж буй нь Америкт ажлын олон сая байр үгүй болоход хүргэж мэдэхээр байна” гэж байр суурь илэрхийлээд буй.
ГАН, ХӨНГӨН ЦАГААНЫ ТАТВАР
Ган, хөнгөн цагаанаас авах татвараа АНУ нэмсэний хариуд Энэтхэг улс л гэхэд АНУ-ын 30 нэрийн барааны хөнгөлөлттэй тарифыг цуцалсан. “Indian express” сонинд мэдээлснээр, 800 шоо см-ээс дээш эзэлхүүн бүхий хөдөлгүүртэй мотоциклын импортын татварыг 50 хувиар, борын хүчил, зарим төмөр эдлэл зэрэг барааны татварыг харилцан адилгүй хэмжээгээр нэмсэн байна. Энэ арга хэмжээнээсээ Энэтхэг Улс 239 сая ам.долларын орлого олно хэмээн найдаж буй гэнэ. Харин АНУ татвараа нэмээд Энэтхэгээс 241 сая ам.долларын орлоготой ажиллах аж. Европын комисс ирэх сарын эхээр Америкийн импортын бараанд гаалийн шинэ татвар тогтоохоо мэдэгдсэнийг тус комисс цахим хуудсаараа дамжуулан зарлав. “Европын комиссаруудын зөвлөл ган, хөнгөн цагаан бүтээгдэхүүнд АНУ нэмж татвар ногдуулсны хариуд Европын холбооноос хийх алхмын хүрээнд Дэлхийн худалдааны байгууллагад мэдэгдсэний дагуу гаалийн нэмэлт татвар авах америк барааны жагсаалтыг баталсан. Ирэх сараас нэмж татвар авч эхлэхээр бэлтгэж байна” хэмээн Европын комиссын мэдэгдэлд дурджээ. Уг баримт бичигт онцлон тэмдэглэснээр, Европын холбооны хариу арга хэмжээ Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журамд нийцэж буй бөгөөд АНУ татвараа нэмсэнээс учрах 64 тэрбум еврогийн хохирлыг нөхөх боломж олгох юм. “Европын холбоо АНУ- ын 2.8 тэрбум еврогийн бараанд татвар ногдуулах эрхээ нэн даруй эдэлнэ. Үлдсэн 3.6 тэрбум еврогийн асуудлыг гурван жилийн дараа эсвэл үүнээс эрт болбол Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд маргаанаа нааштайгаар шийдсэний эцэст зохицуулна” гэж мэдэгдэлд онцолжээ. “Татвар нэмж байгаа нь АНУ-ын дангаар, хууль бусаар гаргасан шийдвэрийн хариуд авч буй арга хэмжээ юм. Европын холбооноос хийж буй алхам нь олон улсын худалдааны хэм хэмжээнд бүрэн нийцнэ. Гишүүн орнуудынхаа эрх ашгийг хамгаалахаас өөр сонголт АНУ үлдээгээгүйд бид харамсч байна” гэж Европын холбооны худалдаа хариуцсан комиссар Сесилия Мальмстрём мэдэгдсэн юм.
ШИНЖЭЭЧДИЙН БАЙР СУУРЬ
Трампын Засгийн газрын гаргасан шийдвэрийн талаар “Вашингтон пост сонин” 2018 оны долоодугаар сарын 6-ны өдөр “Эдийн засгийн түүхэнд хараар тэмдэглэгдэх өдөр” байж магадгүй. Трампын Засгийн газрын барьж буй “худалдааны дээрэнгүй үзэл” эцсийн бүлэгт ямар үр дүнд хүрэх тухай түүх аль эрт хариулт өгсөн гэжээ. Мөн цааш бичихдээ “Америкийн эдийн засгийн дэг журмыг татварын аргаар дэмжих гэсэн оролдлого нь дэлхий нийтийн дургүйцлийг хүргэж байна. Америк хувийнхаа ашиг тусын тулд дэлхийн нийттэй ганцаараа сөргөлдөж байгаа нь шударга ёс, иргэдийн итгэлийг аль хэдийнэ алдсан хэрэг юм.” хэмээжээ. Их Британийн “Financial Times” сонин “Хятад Улсад худалдааны дайн зарлаж буй нь Трамп Ерөнхийлөгч болсноос хойш хамгийн эрсдэлтэй азаа туршсан тоглолт боллоо. Америкийн аж ахуйн нэгжүүд, автомашин үйлдвэрлэгч нийгэмлэг эсэргүүцэж, олон хүн дургүйцлээ илэрхийлсэн. Уолл Стрийтын хөрөнгө оруулагчид болон Цагаан ордны бодлого боловсруулагч хоорондын зөрчил нэмэгдэж буйгаас үзэхэд Трампын Засгийн газар ялагдах магадлал нэмэгдэж байгаа бөгөөд “худалдааны дээрэнгүй үзэл” Америкийн дотоодын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байна” гэжээ. Дэлхийн Худалдааны байгууллагын тэргүүн Роберту Азеведу “Хоёр улсын худалдааны дайн нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулна” гэж үзэж байна. Тэрбээр “Хэрвээ энэ сөргөлдөөн зөвхөн ган, хөнгөн цагаанаар хязгаарлагдаж байгаа бол нэг хэрэг. Харин олон нэр төрлийн бараанд татвар ногдуулах тухай ярьж байгаа нь огт өөр хэрэг” гэдгийг онцолжээ. “Wall Street Journal” сэтгүүлийн шинжээч Эндрю Брауны үзэж буйгаар, АНУ хамгийн сүүлд Рейганыг Ерөнхийлөгч байх үед худалдааны дайнд татагдан орж байжээ. Тухайн үед Америктай сөргөлдөгч тал нь тус улсын хамгийн ойрын холбоотон болох Япон байсан бөгөөд Токиогийн эдийн засгийн багтаамж нь Америкийнхтай харьцуулахад нэлээд бага байсан. Гэтэл одоо Хятадын эдийн засаг зарим үзүүлэлтээр АНУ-ынхаас давж гараад байгаа. 1980-ад оны “худалдааны дайн”-ы явцад япончууд буулт хийж, экспортоо багасган автомашины зарим үйлдвэрээ АНУ-д шилжүүлэн байрлуулснаар америкчуудад ашигтай тусч, ажлын байрны тоо нэмэгдэн, хурцадмал байдал намжсан юм. Харин одоогийн нөхцөлд ийм маягаар хятадуудыг сүрдүүлнэ гэдэг бараг боломжгүй зүйл аж. “Eurasia Group” судалгааны байгууллагын тайланд дурдсанаар, худалдааны дайн нь 2018 онд учирч болох геополитикийн хамгийн том эрсдэл гэнэ. Хөгжингүй орнууд худалдаагаа хамгаалахын тулд олон арга хэмжээ авч чадах бол хөгжиж буй орнууд худалдааны дайны улмаас хамгийн ихээр хохирол амсах магадлалтай юм байна. Өөрөөр хэлбэл, их гүрнүүдийн худалдааны маргааны хөлд үрэгдэх нь хөгжингүй орнууд ажээ.
Ц.ДАВАА
Сэтгэгдэл (0)