П.Нямдорж: Хөрөнгийн захаас мөнгө босгохын ач тусыг компаниуд ойлгодог болж байна

Сүүлийн үед хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа идэвхжиж, аж ахуйн нэгжүүд хөрөнгө мөнгө босгох талаар санаачилгатай ажилладаг болж байна. Энэ талаар Монголын хөрөнгийн биржийн Зах зээлийн хөгжлийн албаны мэргэжилтэн П.НЯМДОРЖТОЙ ярилцлаа.

 -Манай улсад хөрөнгийн зах зээл үүсч, Хөрөнгийн бирж байгуулагдаад 30 орчим жил болжээ. Энэ хугацаанд тухайн салбарт гарсан ахиц өөрчлөлийн талаар товчхон танилцуулна уу?

-Монголын хөрөнгийн бирж 1991 онд байгуулагдсанаас хойш төрийн өмч хувьчлалыг явуулах үндсэн зорилгоо амжилттай биелүүлж, улсын үйлдвэрийн 475 газрыг иргэдэд цэнхэр, ягаан тасалбараар хувьчилсан байдаг. Улмаар 1995 оноос хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлж, хөрөнгийн зах зээлийн гол тоглогчийн үүргээ гүйцэтгэж ирсэн. Түүний дараа 2005 оноос хөрөнгийн биржийн чухал үйл ажил болох үнэт цаасаар хөрөнгө босгох явцыг эхлүүлж байлаа. Үнэт цаасаа олон нийтэд танилцуулж хөрөнгө босгосон анхны компани нь “Монгол шилтгээн” байсан. Түүнээс хойш 17 компани зах зээлд IPO хийж, 110 тэрбум төгрөгийг босгоод байгаа юм.

-Ойрын жилүүдэд IPO хийж, хөрөнгө босгох үйл явц нэлээд идэвхжих хандлагатай болж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Өмнөх жилүүдэд заримдаа 1-2 компани хөрөнгийн захаас мөнгө босгож, зарим жил нэг ч аж ахуйн нэгж IPO хийхгүй байх явдал байсан. Энэ оны эхний хагас жилийн байдлаар гурван компани танилцуулга хийж, хөрөнгийн зах зээлд гараад амжилттай явж байна. Урьд нь эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгийн захын талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байснаас компаниуд оролцдоггүй байсан байж магадгүй. Одоо IPO хийх компаниас гадна хөрөнгө оруулах хандлага ч эергээр өөрчлөгдөж байна. Тиймээс урт хугацаатай, эргэн төлөгдөх нөхцөлгүй хөрөнгө босгох зорилготой аж ахуйн нэгжийн тоо өсч байгаа юм. Жишээ нь, Хөвсгөл аймгийн Тариалан суманд, үйл ажиллагаагаа явуулдаг үр тариа, газар тариалан, гурилын үйлдвэрийн чиглэлээр ажилладаг “Хөвсгөл алтан дуулга”, компани нэмэлт санхүүжилт босгох зорилгоор IPO хийж, арилжаанд оролцоход бэлэн болоод байна. Тус компани 3,7 тэрбум төгрөг босгохоор нэгж хувьцаа нь 850 төгрөгийн үнэтэй үнэт цаасаа олон нийтэд санал болгож байгаа юм. Тэд Хөвсгөл аймгийн гурил үйлдвэрлэлийн 80 хувийг хангадаг. Энэ нь он гарсаар бидний хүлээж авсан дөрөв дэх компани болж байна. Үүнээс гадна энэ оны есдүгээр сараас гурван компани IPO хийх, нэмэлт хувьцаа гаргахаар хүсэлтээ ирүүлж, бүртгэлийн шалгуурыг хамгаалсан байгаа. Тэгэхээр энэ ондоо багтаад 10-аад компани IPO хийж, хөрөнгө оруулалт авах байх. Мөн “ Эрдэнэс Тавантолгой” компани Монголын хөрөнгийн биржид бүртгүүлж, үнэт цаасаа арилжаанд оруулснаар иргэдийн гар дээр байгаа 1072 ширхэг хувьцааг “амь оруулж” идэвхжүүлэхээр ажиллаж байна.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны хувьд хэчнээн хүн эзэмшиж байгаа вэ. 1072 ширхэг хувьцааг тарааснаас хойш нэг хэсэг нь сургалтын төлбөртөө суутгуулах, сонгуулийн өмнө 300 мянган төгрөг авч хасуулах зэргээр хорогдсон байх. Зарим нь ч бурхны оронд одсон гэдэг?

-Бүртгэлийн ажил ерөнхийдөө цэгцэрч, одоогийн байдлаар 2,4 сая гаруй иргэн “ Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг ямар нэг байдлаар эзэмшиж байна гэсэн дүн гараад байгаа. Эдгээрийн 600 мянга орчим нь дансаа илгээсэн байдаг. Ер нь аливаа хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах гэж байгаа бол үнэт цаасны дансаа зайлшгүй нээлгэсэн байх шаардлагатай. Үүний тулд иргэн манай Хөрөнгийн биржид бүртгэлтэй 58 брокерийн компанийн аль нэгэнд нь очиж, данс нээлгэх хүсэлтээ гаргах нь чухал юм. Тэрхүү данс нь зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаанд зориулагдах бус цаашид үнэт цаас, хувьцааны арилжаанд идэвхтэй оролцох нөхцөлийг иргэдэд бүрдүүлж өгөх болно. Иргэдийн дийлэнх нь хувьцаа, бондын арилжаанд заавал мөнгө төгрөг, хөрөнгө санхүү сайтай хүн, компани оролцдог гэх ташаа ойлголттой байдаг. Гэтэл манай бирж дээр арилжаалдаг 30 төгрөгийн ханштай хувьцаа ч байж л байна. Иргэн өөрийн илүүдэл хөрөнгөө өгөөж өндөртэй хувьцаанд байршуулж, банкны хүүнээс илүү орлого олох боломж нь бүх хүнд нээлттэй байдаг.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн хэдэн хувьцаа байгааг мэдэхийн тулд иргэд хаана, хэнд хандах ёстой вэ?

-Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын өмнө байрлах)-д биеэр хандах буюу тухайн байгууллагын 158989 дугаарт нэр, регистрээ мессежээр илгээснээр мэдэж болно. Эсвэл цахим хуудсаар нь орсон ч болох юм. Эндээс зөвхөн “ Эрдэнэс Тавантолгой” төдийгүй 1992 онд цэнхэр, ягаан тасалбараар худалдаж авсан компанийн мэдээллийг ч авах боломжтой.

-Зах зээлээс хөрөнгө босгох зорилгоор IPO хийж байгаа, хийсэн компаниуд дотор аль салбарынх түлхүү байдаг вэ. Ер нь энэ ажлын гол ач холбогдол, үр өгөөж нь юу байдаг юм бэ?

-Юуны өмнө тухайн компани хүссэн санхүүжилтээ босгож, үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөжүүлж, техник технологийн шинэчлэл хийж байна. Компанийн үйл ажиллагаа, орлого зарлагад олон нийтийн хараа хяналт орж ирснээр хариуцлага сайжирч, компанийн засаглал тогтворжих, бусад аж ахуйн нэгжид үлгэр жишээ үзүүлэх гээд олон талын ач холбогдолтой. IPO хийж буй компаниудын хувьд барилгын салбараас “Монгол базальт” байна. “Ард кредит” банк бус санхүүгийн байгууллага болон IT-гийн компани ч хөрөнгийн зах зээлд орж ирж байгаа юм. Энэ бүхний үр дүнд санхүүгийн салбарт хөрөнгийн зах зээлийн эзлэх хувийн жин нэмэгдэх эерэг үр дагавар гарна гэж бодож байна.

Ө.САМЖИДМОЛОМ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)