Их Британи орон гэргүй хүмүүстээ 100 сая фунт зарцуулна
- 2018-08-14
- Дэлхий
- 0
Гудамж талбайгаар хоног төөрүүлдэг, орон гэргүй хүмүүсийн асуудлыг 2027 он гэхэд бүрэн зохицуулна гэж Их Британийн Засгийн газар мэдэгджээ. Тус улсын Засгийн газар гудамж талбайгаар хоноглодог орон гэргүй хүмүүст сэтгэцийн эрүүл мэндийн болон хорт зуршлаас нь салгах тусламж үзүүлж, тэдний амьдралыг өөрчлөхөд 100 сая фунт зарцуулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд Англид орон гэргүйчүүдийн тоо эрчимтэй нэмэгдэж, 2017 оны байдлаар 4750 орчимд хүрчээ. Засгийн газрын энэхүү төлөвлөгөөг буяны байгууллагууд таатай хүлээн авсан хэдий ч төлөвлөгөө нэг төрлийн алхам болохоос биш асуудлыг бүрэн хэмжээнд шийдэж чадахгүйг анхааруулсан байна.
Буяны байгууллагууд шинжээчидтэй хамтран хэрэгжүүлэх энэхүү төлөвлөгөөний хүрээнд хорт зуршлаас салгах болон сэтгэцийн эрүүл мэндийн эмчилгээнд 30 сая фунтийг зарцуулах ажээ. Үүний зэрэгцээ мансууруулах бодист /синтетик каннабиноид/ донтогсдод туслах ажилтнуудыг сургах зэрэгт уг санхүүжилтийг зарцуулах гэнэ. Манчестер хотын гэр оронгүй хүмүүсийн 90-95 хувь нь ийм төрлийн мансууруулах бодист донтсон байдаг аж. Харин санхүүжилтийн тал хувийг буюу 50 сая фунтийг хүмүүсийг орох оронтой болгоход зарцуулахаар төлөвлөжээ.
Ц.ДАВАА
Сэтгэгдэл (0)