Путин Ким Жөн Унтай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ
- 2018-08-16
- Дэлхий
- 0
Солонгосыг Японы дарлалаас чөлөөлсний 73 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унд баярын захидал илгээжээ. 1945 оны наймдугаар сарын 15-ны өдөр Солонгосын ард түмэн Японы дарлалаас чөлөөлөгдсөн билээ. Путин захидалдаа Ким Жөн Унтай биечлэн уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
“Хоёр орны харилцааны хойшлуулшгүй асуудлууд болон бүс нутгийн чухал асуудлуудыг хэлэлцэхийн тулд ойрын хугацаанд уулзахад бэлэн байгаагаа баталгаажуулж байна. Орос, БНАСАУ, БНСУ гурван талт төслийг хэрэгжүүлж эхлэхийн сацуу цаашид харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлж чадна” гэж Путин онцолжээ. Өнгөрөгч зургаадугаар сарын 1-нд Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар уулзах үеэр ОХУ-ын болон Хойд Солонгосын төрийн тэргүүнүүд уулзах тухай хэлцэлд хүрч чадсан билээ. Үүний өмнөхөн Лавров Ким Жөн Уныг Орост айлчлахыг урьсан бөгөөд Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцонгоо давхар айлчлал хийх боломжтой гэж үзжээ. Энэ оны зургаадугаар сарын 12-нд Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай түүхэн уулзалт хийсэн юм. Хоёр талын чуулга уулзалтын үр дүнд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох тухай баримт бичигт гарын үсэг зурцгаасан юм. Иймээс ч тэдний уулзалтыг Кремль өндрөөр үнэлсэн билээ.
М.Тогтох
Сэтгэгдэл (0)