Махны экспортын хэмжээ 2,8 дахин нэмэгдэж, 110,6 тэрбум төгрөгийн орлого олжээ

 

 

УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т: “Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлнэ”, Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д: “Хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, хүнс экспортлогч орон болох” зорилт тавьсан. Мөн Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор “Мах, сүүний анхдугаар аян”-ыг орон даяар өрнүүлж, махны экспортыг нэмэгдүүлж, 2020 он гэхэд жилд 100 мянган тоннд хүргэхийг зорьж байна. Тэгвэл эдгээр бодлого, зорилт, арга хэмжээний үр дүнд махны экспортын хэмжээ нэмэгдэж байгаа талаар таатай мэдээллийг хүргэе. 

Манай улс 2017-2018 онд 27,9 мян.тонн үхрийн мах, 43,6 мян.тонн адууны мах экспортлохоор тогтоож, хонь, ямааны маханд экспортын хэмжээ, хязгаар тогтоохгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд 2018 оны эхний зургаан сарын байдлаар 9557.6 тонн дулааны аргаар боловсруулсан мах, 8868.5 тонн адууны мах, 775.6 тонн хонины болон ямааны мах, 620 тонн үхрийн мах, 498.4 тонн дайвар бүтээгдэхүүн нийт 20320.1 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, 44,9 сая ам.доллар буюу 110,6 тэрбум төгрөгийн орлого олсон болохыг Гаалийн ерөнхий газраас мэдээлж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2,8 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

Экспортын хэмжээ нэмэгдсэн байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулж, махны төрөл тус бүрээр авч үзвэл, 2018 оны 6 дугаар сарын байдлаар адууны махны экспорт 1.5 дахин их, хонины болон ямааны мах 4.3 дахин их, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн 8.1 дахин их тус тус нэмэгджээ. Одоогийн байдлаар мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөлтэй 30 гаруй аж ахуйн нэгж байгаа бөгөөд сүүлийн үед дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх төлөвтэй байна. 

Эх сурвалж: ХХААХҮЯам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)