Турк АНУ-аас импортолж буй бараа бүтээгдэхүүнийхээ татварыг нэмжээ
- 2018-08-16
- Дэлхий
- 0
Туркийн эрх баригчид АНУ-аас импортолж буй тамхи, архи, автомашин зэрэг хэд хэдэн бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээгээ нэмэгдүүлжээ. АНУ-аас орж ирж буй 20 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн тухайлбал, согтууруулах ундаа 140, суудлын автомашинд 120, тамхинд 60, гоо сайхны бүтээгдэхүүн 60, цагаан будаанд ногдуулах татварыг 50 хувиар тус бүр нэмсэн байна. “АНУ-ын засаг захиргаа Туркийн эдийн засагт зориуд халдаж байгаагийн хариуд харилцан уялдаатай байх зарчмын хүрээнд тус улсын хэд хэдэн бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүллээ” гэж Туркийн дэд Ерөнхийлөгч Фуат Октай “Твиттер” хуудастаа жиргэжээ.
Дональд Трамп Туркийн хөнгөн цагаанд 20, ганд 50 хувийн импортын татвар оноох болсноо зарлаад байгаа юм. Энэ нь өнгөрсөн гуравдугаар сард Вашингтон дэлхийн хэд хэдэн орны металлын импортод татвар оногдуулж байсантай харьцуулахад хоёр дахин өндөр. Үүнтэй холбоотойгоор ам.доллартай харьцах турк лирийн ханш түүхэн доод хэмжээнд очтолоо унасан. Үүнээс үүдэж Турк Улс Орос, Хятад, Украин, Иран зэрэг худалдааны томоохон түншүүдтэйгээ төлбөр тооцоогоо үндэсний валютаар хийдэг болохоор бэлтгэж байгаа тухайгаа Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ч мэдэгдээд байна. АНУ-ын эдийн засгийн хоригоо зарласантай давхцан үнэ нь унаж буй Турк лирийн ханш жуулчдад завшаан болж байна. Нэг ам.доллар долоон лиртэй тэнцүү болж өнгөрсөн оны мөн үеийнхээс даруй 40 хувиар буурсан. Истанбул хотын Нишан таши дүүргийн тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн худалддаг дэлгүүрүүдийн гадаа жуулчид олноороо дараалалд зогсож байгаа аж. Араб голдуу жуулчид “Chanel”, “Louis Vuitton” дэлгүүрийн урт дараалал үүсгэжээ. Туркийн Ерөнхийлөгч Эрдоган “Үндэснийх нь валютын ханш ийнхүү унаж байгаа хүндхэн үед ам.долларын урсгал оруулж ирж буй жуулчдад элэгсэг хандахыг хүсэхийн зэрэгцээ ам.доллараа зарж, үндэсний валютаа дэмжихийг” ард иргэддээ уриалаад байгаа юм.
Б.Номуун
Сэтгэгдэл (0)