Венесуэлийн дүрвэгч иргэдийг хүлээж авсан орнуудад мөнгөн тусламж үзүүлнэ
- 2018-08-17
- Дэлхий
- 0
НҮБ-ын тайлан мэдээнд дурдсанаар, Венесуэлийн 2.3 сая иргэн эх орноосоо дүрвэжээ.Тодруулбал, энэ оны өнгөрсөн зургаадугаар сарын байдлаар Колумб, Эквадор, Перу болон Бразил улс руу 2.3 сая хүн дүрвэсэн болохыг тогтоосон байна. Дүрвэгсдийн олонх нь хоол хүнсний дутагдал, өлөн зэлмүүн байдлаас болж эх орноосоо дүрвэсэн болохыг НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн мэргэжилтнүүд онцолж байна. Олон улсын валютын сан /ОУВС/ 2018 оны сүүлчээр Венесуэль Улсын инфляц нэг сая хувьд хүрч болзошгүйг тогтоосон бөгөөд өдрөөс өдөрт Венесуэлийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал муудсаар байгаа билээ. Үүнээс болж тус улсад өвчин эмгэг ихэсч шаардлагатай эм тариагаар дутагдах болсон байна.
Иргэдийн дунд тархасан хумхаа, улаан бурхан, сүрьеэ зэрэг халдварт өвчнүүдийн тархалтыг эмч нар зогсоосон боловч дахин тархасан нь түгшүүр дагуулж байгаа аж. Мөн хүний дархлал хомсдолын вирусээр өвчилсөн нэг зуун мянган хүнд шаардлагатай эм тариа дутмагаас болж амь нас нь эрсдэх аюулд орсныг НҮБ-ын ажилтнууд судалгаандаа тусгажээ. Венесэулийн ард иргэд улсаасаа олноороо дүрвэж буйтай холбогдуулан НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газар болон Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас Венесуэлийн дүрвэгчдийг хүлээн авч буй улс орнуудад 46 сая болон 32 сая ам.долларыг тус тус олгохоор төлөвлөжээ. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик өчигдөр мэдээлжээ. “Тус хоёр байгууллагаас 46 сая болон 32 сая ам.долларыг дүрвэгчдийг хүлээн авч буй улс болон нийгэмлэгүүдэд шилжүүлэн өгч эхэлсэн” гэдгийг тэрбээр хэлсэн байна.
Түүний ярьснаар, дээрх хоёр байгууллагаас гадна Венесуэлийн 2,3 сая дүрвэгчдэд туслах ажилд НҮБ-ын дэргэдэх бусад агентлаг, сангууд, төслийн газрууд оролцож байгаа аж. Одоогийн байдлаар, тус хоёр байгууллага НҮБ-ын дэргэдэх Онцгой байдлын үед авах арга хэмжээний төв сангаас 6.2 сая ам.долларыг гаргаад байна. Үүнээс гадна НҮБ-ын харьяа байгууллагууд Венесуэлийн эрүүл мэнд, хоол хүнс, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг юм.
Б.Намуун
Сэтгэгдэл (0)