АНУ БНХАУ-ын 279 төрлийн бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ноогдууллаа
- 2018-08-18
- Дэлхий
- 1
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадаас нийлүүлж буй 100 гаруй нэр төрлийн бараанд 25 хувийн татвар ногдуулах тухай санамж бичигт өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд гарын үсэг зурсан бол үүнээс 10 хоногийн дараа Хятад улс Америкаас нийлүүлж буй 128 нэр төрлийн бараанд 15-25 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн нь дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны хооронд “худалдааны дайн” дэгдээсэн үйл явдал болсон юм. АНУ-ын Ерөнхийлөгч Хятадаас их хэмжээний ган орж ирж байгаа нь АНУ- ын гангийн үйлдвэрлэлийн салбарыг уналтад оруулж байна гэж үздэг. Бодит байдал дээр, АНУ-д 110 гаруй улс ган нийлүүлдэг бөгөөд Хятад улс нийлүүлэлтийн хэмжээгээр 11 дүгээр байрт ордог аж. Хятадыг буруутгаж буйн гол учир нь, зарим орон Хятадын ганг худалдан аваад бага зэргийн боловсруулалт хийснийхээ дараа АНУ-д дамжуулан экспортолдогт оршино.
Нөгөөтэйгүүр, Хятадын бараанд татвар ногдуулах болсон нь олон арван жилийн турш Америкийн компаниудын оюуны өмчийг хятадууд хулгайлж ирсний хариуд авч байгаа арга хэмжээ гэж АНУ-ын эрх баригчид үзэж буй. Түүнчлэн Дональд Трамп хятадууд программ хангамжийг нь хулгайлж, дуураймал бараа үйлдвэрлэн борлуулсны улмаас АНУ жил бүр 600 тэрбум ам.долларын хохирол хүлээдэг гэдэг. Үүний шалтгааныг нарийвчлан тодруулах үүднээс АНУ-ын тал өнгөрсөн оны наймдугаар сараас мөрдөн шалгалт явуулж эхэлсэн ажээ. Үүнээс гадна, Трампын гаргасан дээрх шийдвэр нь Хятадтай хийж буй худалдаанаас АНУ-ын хүлээж буй 375 тэрбум ам.долларын алдагдлыг бууруулах зорилготой. Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр “Технологи хулгайлах явдлыг таслан зогсоож, худалдааны алдагдлыг бууруулна” гэж амлаж байсан билээ. Харин АНУ-ын энэ шийдвэрийн хариуд тус улсын 659 нэр төрлийн бараанд дахин 25 хувийн импортын татвар ногдуулахаар болсон тухай өнгөрсөн зургаадугаар сард БНХАУ-ын Худалдааны яам мэдэгдсэн юм. Хятадын уг шийдвэрт хариу барьж, Вашингтон БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараанд дахин 10 хувийн нэмэлт татвар ногдуулахаар төлөвлөж байгаагаа Ерөнхийлөгч Дональд Трамп долоо хоногийн дараа албан ёсоор зарласан билээ. Цагаан ордны дээрх мэдэгдэлд Хятад улсын Худалдааны яам тэр даруй хариу байр сууриа илэрхийлж, “Энэ бол илт шахалт үзүүлж, сүрдүүлж байгаа явдал. Бид хариуг барих болно” гэсэн.
Тэгвэл Вашингтон өчигдөр БНХАУ-аас импортолж буй 16 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд дахин 25 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргаж, ямар бараа бүтээгдэхүүн багтаж буй талаарх жагсаалтыг нь гаргажээ. Жагсаалтад мотоцикл, хурд хэмжигч, антенн зэрэг 279 бүтээгдэхүүн багтсан байна. БНХАУ-аас импортолж буй бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах энэ арга хэмжээ наймдугаар сарын 23-наас хэрэгжиж эхлэх гэнэ. Энэхүү арга хэмжээ БНХАУ болон АНУ хоорондын худалдааны дайныг хурцадмал байдалд хүргэж магадгүй гэдгийг ажиглагчид онцолж байна. БНХАУ- ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулбал барааны үнэ нэмэгдэж, хэрэглэгчдэд дарамт учирна гэж АНУ-ын бизнес эрхлэгчид анхааруулсан боловч Трампын Засаг захиргаа Хятадын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах хоёр дахь арга хэмжээгээ ийнхүү авлаа. Дэлхийн худалдааны байгууллагын тэргүүн Роберту Азеведу “Хоёр улсын худалдааны дайн нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулна” гэж үзэж байна. Тэрбээр “Хэрвээ энэ сөргөлдөөн зөвхөн ган, хөнгөн цагаанаар хязгаарлагдаж байгаа бол нэг хэрэг, харин олон нэр төрлийн бараанд татвар ногдуулах тухай ярьж байгаа учир огт өөр хэрэг” гэдгийг онцолжээ. “Wall Street Journal” сэтгүүлийн шинжээч Эндрю Брауны үзэж буйгаар, АНУ хамгийн сүүлд Рейганыг Ерөнхийлөгч байх үед худалдааны дайнд татагдан орж байжээ. Тухайн үед Америктай сөргөлдөгч тал нь тус улсын хамгийн ойрын холбоотон болох Япон улс байсан бөгөөд Токиогийн эдийн засгийн багтаамж нь Америкийнхтай харьцуулахад нэлээд бага байсан.
Гэтэл одоо Хятадын эдийн засаг зарим үзүүлэлтээр АНУ-ынхаас давж гараад байгаа. 1980- аад оны “худалдааны дайн”-ы явцад япончууд буулт хийж, экспортоо багасган, автомашины зарим үйлдвэрээ АНУ-д шилжүүлэн байрлуулснаар америкчуудад ашигтай тусч, ажлын байрны тоо нэмэгдэн, хурцадмал байдал намжсан юм. Харин одоогийн нөхцөлд ийм маягаар хятадуудыг сүрдүүлнэ гэдэг бол бараг боломжгүй зүйл аж. “Eurasia Group” судалгааны байгууллагын тайланд дурдсанаар, худалдааны дайн нь 2018 онд учирч болох геополитикийн хамгийн том эрсдэл гэнэ. Хөгжингүй орнууд худалдаагаа хамгаалахын тулд олон төрлийн арга хэмжээ авч чадах бол хөгжиж буй орнууд худалдааны дайны улмаас хамгийн ихээр хохирол амсах магадлалтай юм байна. Өөрөөр хэлбэл их гүрнүүдийн худалдааны маргааны хөлд үрэгдэх нь хөгжингүй орнууд ажээ.
Ц.ДАВАА
Сэтгэгдэл (1)
aaaa (202.21.106.153)
usa ch aguu undesten shuu.hujaa joomnuud aij bn daa