Канад болон Саудын Арабын харилцаа “хүйтэрлээ”

 Саудын Араб болон Канадын харилцаанд сүүлийн үед томоохон ан цав гарч, дипломат харилцаагаа таслах хэмжээний үйл явдал өрнөн олон улсын анхаарлыг татаад байгаа билээ. Саудын Арабын тал Канад Улстай худалдааны харилцаагаа тасалж, улсынхаа нутаг дэвсгэрээс Канадын Элчин сайдыг албадан гаргахаар шийдвэрлээд буй. Түүнчлэн Саудын Арабын агаарын тээврийн компани Канадын Торонто хот руу хийх шууд нислэгээ цуцалсан. Энэ бүх явдал Канад Улс иргэний эрх болоод эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалан дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлэн баривчлагдсан хүний эрхийн төлөө тэмцэгчдийг өмгөөлсөн явдлаас болж дэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Хүний эрхийн дээд хороо Саудын Арабын эрх баригчид тавдугаар сарын 15-наас хойш иргэний эрхийн төлөө тэмцэгч 15 хүнийг үзэл бодол, дуу хоолойгоо ил тодоор илэрхийлсний төлөө баривчилсан талаар мэдээлсэн юм. Эдгээрээс найман хүнийг сулласан гэж байгаа ч бусдынх нь хувь заяа хэрхсэн, тэднийг хаана хорьж байгаа нь тодорхойгүй байгаа юм. Эдгээр хүнийг Саудын Арабын тал гадныхантай сэжигтэй харилцаа тогтоосонд буруутган, 20 жил хүртэл хорих ялаар шийтгэж болзошгүй гэнэ. НҮБ-ын хүний эрхийн хорооны мэдээлснээр, Саудын Арабт баривчилсан хүмүүсийн дотор блогер Раиф Бадауигийн эгч нь болох хүний эрхийн төлөө тэмцэгч Самар Бадауи байгаа гэнэ. Энэ явдлын дараагаар Канадын Гадаад хэргийн сайд Кристия Фрилэнд өөрийн твиттер хуудастаа Самар Бадауиг баривчилсанд туйлын ихээр санаа зовинож байгаагаа илэрхийлэн дараа өдөр нь Саудын Арабын эрх баригчдад хандан түүнийг нэн даруй суллахыг хүсчээ. Харин Саудын Арабын тал Канадын Гадаад хэргийн сайдын энэхүү байр суурийг эсэргүүцэж, тэдгээр баривчилсан хүмүүсийг улс орныхоо хуулийн хүрээнд үндэслэлтэй саатуулсан хэмээгээд вант улсын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг сануулсан байна.

Энэ явдлын дараагаар Канад дахь Саудын Арабын Элчин сайдыг дуудуулж, үүссэн нөхцөл байдлын дагуу тайлбар өгөхийг хүссэний дараа Саудын Араб ч мөн адил Канадын Элчинг дуудан түүнийг 24 цагийн хугацаанд эх орныг нь орхин гарахыг шаардсан байна. Саудын Араб ийнхүү улс орных нь хэрэгт хөндлөнгөөс нөлөөлж, байр сууриа илэрхийлсний төлөө Канад Улсын эсрэг өөр бусад арга хэмжээ авахаа ч мэдэгдээд байгаа юм. Канад болон Саудын Арабын зөрчилдөөнөөс болж жилдээ дөрвөн тэрбум ам. долларын орлоготой тэнцэхүйц худалдаа наймаа эрсдэлд орж байгаа бөгөөд 2017 онд Канад Саудын Арабт 1.17 тэрбум ам.доллартай тэнцэх бараа нийлүүлсэн нь Канадын экспортын ердөө 0.2 хувийг эзэлж байжээ. Гэвч Канадын эрх баригчид 13 тэрбум ам.долларын худалдаа хэрхэх талаар мэдэхгүй байна. Учир нь, Канадын “General Dynamics” корпорацийн үйлдвэрлэсэн хуягт машинуудыг Саудын Арабт зарахаар зэхэж байжээ. “Хуягт машин худалдаалах гэрээг 2014 онд баталсан бөгөөд тэр үед Засгийн эрхийг Консерватив нам барьж байсан. Консерватив намынхан Саудын Арабтай гүнзгий харилцаа тогтоохыг хүсч байсан боловч бүрэн эрхийнх нь хугацаа дууссан юм. Либералиуд экспортыг зөвшөөрч, гэрээг хүчин төгөлдөр хэрэгжүүлэхээр болсон ч Саудын Арабтай харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх сонирхолгүй байсан. Магадгүй канадчуудын идэвхгүй Засгийн газраас Саудын Арабын Риядийн дургүйцлийг хүргэсэн байж болзошгүй” хэмээн Оттавагийн их сургуульд туслах профессороор ажиллах Ойрхи Дорнодын мэргэжилтэн Томас Жүнеау дүгнэжээ.

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • гомо (64.119.18.40)

    2018-08-18

    наадах чинь яаах вэ цаана чинь гомо мөнхөө халхын шоронгийн нэр баастсан муу гаж донтон