Дональд Трамп: Ким Жөн Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоно гэдэгт итгэж байна
- 2018-08-20
- Дэлхий
- 0
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар өнгөрсөн сарын 12- нд Вашингтонд дээд хэмжээний уулзалт хийсэн. Вашингтоны тэргүүн саяхан “ABC” агентлагт дээд хэмжээний уулзалтын талаар ярилцлага өгчээ. Түүний ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-Бидний хүсэлтийг хүлээн авсанд баярлалаа Ерөнхийлөгч өө, та Пхеньяны тэргүүнтэй уулзсаныхаа дараа Ким Жөн Унтай тусгай харилцаатай болсон гэж мэдэгдсэн?
-Тийм ээ. Уулзалт үр дүнтэй болж, бид олон асуудлаар ярилцсан.
-Та өмнө нь Ким Жөн Унтай ярилцаж байсан уу?
-Бид өмнө нь хэд хэдэн удаа ярилцаж байсан. Харин уулзалтын үеэр маш чухал асуудлаар хэлэлцэж тохиролцсон.
-Тухайлбал, яг ямар асуудлаар тохиролцсон бэ?
-Хойд Солонгос цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоож, туршилтын талбайгаа албан ёсоор хааж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох тухай нэгдсэн нэг тохиролцоонд хүрсэн.
-Та Ираны цөмийн хэлэлцээрийг хурцаар шүүмжилж, хамгийн муу гэрээ хэмээсэн. Хойд Солонгостой хийж буй цөмийн гэрээ, хэлэлцээр Ирантай хийж байсан гэрээнээс юугаараа ялгаатай вэ?
-Ядаж л бид Хойд Солонгост Иранд төлдөг байсан шигээ 150 тэрбум ам.доллар төлөх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, бид тэдэнд юу ч төлөхгүй. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хүрээнд Өмнөд Солонгос, Япон зэрэг Азийн орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэх боломж бүрдэх юм.
-Ким Жөн Уныг цөмийн болон пуужингийн туршилт хийхгүй гэдэгт хэр итгэлтэй байна?
-Хэзээ хамгийн сүүлд Пхеньян пуужингийн туршилт хийсэн бэ. Ямартай ч одоог хүртэл туршилт хийгээгүй л байна шүү дээ.
-БНАСАУ-ын удирдагч цөмийн болон пуужингийн туршилт хийхгүй байх амлалт өгсөн үү?
-Тэр амлалт өгөөгүй, харин үүрэг хүлээсэн. Ким Жөн Ун улсынхаа төлөө ямар нэгэн зүйл хийхийг үнэхээр их хүсч байгаа. Харин түүний улсынхаа хийж чадах хамгийн том зүйл бол Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох юм.
-Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход хэр хугацаа шаардлагатай вэ?
-Мэдээж тийм ч бага хугацаа шаардагдахгүй болов уу.
-Гэхдээ шинжээчдийн олонх нь хамгийн багадаа 15 жил шаардлагатай гэж үзэж байна?
-15 жил гэж зарим хүн ярьж байна. Энэ хугацаанд юу ч хийж амжихгүй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Ким Жөн Ун аль хэдийнэ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох ажлаа эхлүүлсэн. Тэр хамгийн том цөмийн туршилтын талбайгаа албан ёсоор устгасан шүү дээ.
-АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг зогсоохоор болсон. Яагаад вэ?
-Нэгдүгээрт, хамтарсан цэргийн сургуулилтаа үргэлжлүүлэх нь өдөөн хатгасан үйлдэл болно. Хоёрдугаарт, хамтарсан цэргийн сургуулилт хийхэд маш их зардал гардаг бөгөөд уг зардлыг Вашингтон бүгдийг гаргадаг. Гуамаас цэргийн хамтарсан сургуулилтад оролцох цэргийн хүчний Солонгосын хойг хүртэлх шатахууны зардал л гэхэд хэдэн тэрбумаар хэмжигддэг.
-БНАСАУ цөмийн болон пуужингийн туршилт хийж буйгаа болзошгүй халдлагаас хамгаалахын тулд гэж тайлбарладаг. Харин та Пхеньянд яг ямар аюулгүй байдлын баталгаа өгсөн бэ?
-Энэ талаар би тодорхой яримааргүй байна. Гэхдээ би Ким Жөн Унд аюулгүйн баталгаа өгсөн.
-Хэдхэн сарын өмнө та Ким Жөн Уныг харгис дарангуйлагч, ард иргэдээ өлсгөлөнд автуулсан гэж буруутгаж байсан. Харин одоо тэр харгис дарангуйлагчдаа хэр итгэж байна даа?
-Би түүнтэй уулзсан. Уулзалт үнэхээр үр дүнтэй болсон. Уулзалтын үеэр бид Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох талаар голчлон ярилцсан. Үүнээс өөр бидэнд ярилцах ч зүйл байхгүй. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгож, Хойд Солонгос цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоосны дараа л дараа дараачийн шатны зүйлсийг ярилцана шүү дээ. Өөрөөр хэлбэл, бид бүхнийг эхнээс нь эхэлсэн. Тиймээс өнгөрсний талаар дахин ярих шаардлагагүй.
-Ким Жөн Ун та хоёрын уулзалтыг дэлхий дахин түүхэн хэмээн тодотгож байна?
-Тийм ээ. Миний дайснууд хүртэл энэ удаагийн уулзалтыг түүхэн хэмээн тодотгож байгаа. Учир нь би өмнө нь хэний ч хийж байгаагүй зүйлийг хийсэн шүү дээ.
-Гэхдээ Пхеньяны өмнөх удирдагчид цөмийн зэвсгийн туршилтаа царцаана гэж АНУ-тай гэрээ байгуулаад дараа нь амлалтаа биелүүлээгүй хэд хэдэн тохиолдол байдаг?
-Тийм тохиолдол болсон. Гэхдээ тухайн үеийн яриа хэлэлцээ одоогийн яриа хэлэлцээний төвшнөөс огт өөр. Өөрөөр хэлбэл, тэд өнөөгийнх шиг төвшинд очоогүй. Өмнө нь хоёр улсын төрийн тэргүүн хэзээ ч уулзаж байгаагүй шүү дээ.
-Дэлхийн олон орны төрийн тэргүүн Ким Жөн Уныг цөмийн зэвсгээс хэзээ ч татгалзахгүй гэдэгт итгэлтэй байна. Харин та ямар бодолтой байна?
-Би тэдэнтэй санал нийлэхгүй. Ким Жөн Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоно гэдэгт би итгэж байна.
-Та түүнд бүрэн итгэж байна гэсэн үг үү?
-Тийм ээ. Та жилийн дараа надаас дахиад ярилцлага аваарай. Тэр үед би танаас “Хэний зөв байж” гэж асууя. Анх биднийг уулзана гэхэд хэн ч итгэхгүй байсан. Олонх нь уулзалт бүтэлгүй болно гэж байлаа. Учир нь, өмнө нь хэн ч, хэзээ ч Хойд Солонгосын удирдагчтай уулзаж байгаагүй болохоор тэр шүү дээ. Харин бид уулзсан, хэлэлцсэн. Тэгэхээр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох эсэх нь үүнтэй л адил зүйл.
-Үүнийгээ яаж батлах юм бэ?
-Бид хамтран ажиллаж, үүнийг батлах болно. АНУ болон БНАСАУ-ын харилцаа харьцангуй нээлттэй болсон. Хоёр улсын харилцааг нээлттэй болгоход Майке Помпео чухал үүрэг гүйцэтгэж байгаа.
-БНАСАУ удирдагчтай уулзахаасаа өмнө та “Их-7”-гийн дээд хэмжээний уулзалтад оролцсон. Энэ үеэр Канад Америкаас импортолж байгаа сүүн бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдог нэлээн хурцаар шүүмжилсэн. Түүнчлэн дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Их-7”- гийн удирдагчдын нэгэн зураг тархаж, хүн бүр өөрийн таамгыг дэвшүүлж байна. Уг зургийг хэрхэн тайлбарлах вэ?
-Бид уулзалтын үеэр баталсан гэрээний эцсийн хувилбарыг хүлээж суухдаа ярилцаж байсан юм. Тухайн үед зурган дээр харагдаж байгаа шиг анхаарал татахуйц зүйл болоогүй. Харин ч эсрэгээрээ хүн бүр баяртай байсан. Мэдээж уулзалтын үеэр санал зөрөлдөөн их байсан. Би чөлөөт худалдааны гэрээнээс АНУ ямар их мөнгө салхинд хийсгэж буй талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн. Ийм л зүйл болсон.
-Ким Жөн Ун Вашингтонд хэзээ айлчлах вэ?
-Би түүнийг Цагаан ордонд айлчлаасай гэж хүсч байна. Тэр ч гэсэн Цагаан ордонд айлчлахдаа таатай байна байх. Яг хэзээ гэдгийг хэлж мэдэхгүй ч удахгүй гэдэгт итгэлтэй байна.
Ц.ДАВАА
Сэтгэгдэл (0)