Грек найман жилийн дараа анх удаа хөл дээрээ тогтох чадвартай боллоо

 Грек Улс гаднаас макро санхүүгийн тусламж авах гурав дахь хөтөлбөрөө амжилттай дуусгаж, 2010 оноос хойш тогтоод байсан гадаадын зээлдүүлэгчдийн хөндлөнгийн удирдлагаас гарлаа гэж Европын тогтворжуулах механизм /ЕТМ/ буюу Евро бүсийн тогтворжуулах сангаас гаргасан тайланд онцолжээ. “Грек нь 2010 оноос хойш анх удаа хөл дээрээ тогтох чадвартай болсон тул ЕТМ-аас үзүүлж байсан макро санхүүгийн тусламжийн гурван жилийн хөтөлбөрөө албан ёсоор дуусгалаа.

Грекийн ард түмэн Европын зээлдүүлэгчдийн дэмжлэгтэйгээр хүчин чармайлт гаргаж, одоогийн Засгийн газартайгаа сайн хамтран ажилласан нь ийм таатай үр дүнд хүргэсэн” гэж дээрх тайланд тэмдэглэжээ. Европын холбооноос Грек Улсад тусламж үзүүлэх хөтөлбөр 2010 оноос хэрэгжиж эхэлсэн байна. Энэ хугацаанд гурван хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд гурав дахь хөтөлбөрийн хүрээнд 80 тэрбум еврогийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн хэдий ч Грек улс 61.9 тэрбум евро ашиглан санхүүгийн хүндрэлээсээ гарч чаджээ. Евро бүсийн тогтворжуулах сангаас Грект олгож байсан зээл нь нэлээн хатуу шаардлагатай. Олон газраас зээл авсны дүнд Грекийн эдийн засаг аажмаар өсч байгаа ч тус улсын эдийн засаг хямрал эхлэхээс өмнөх үеийнхээс 25 хувиар бага байгаа юм. 2010 оноос хойш Грек улсад олгосон Олон улсын валютын сангийн зээл нь 260 тэрбум евро буюу дэлхийн санхүүгийн түүхэн дэх хамгийн их хэмжээний хөнгөлөлттэй зээлд тооцогдож буй юм.

ГРЕК ЮУНЫ УЛМААС ХЯМРАЛД ӨРТӨВ

2008 оны “Wall Street”-ийн уналтын дараа, Грек улс Европын өрийн хямралын төв цэг болж улмаар 2009 оны аравдугаар сард төсвийн алдагдлаа дутуу гаргаж байснаа зарласнаар Грекийн санхүүгийн аюулгүй байдал эргэлзээтэй болж эхэлсэн юм. 2010 оны хавар гэхэд Грек улс дампуурлын ирмэгт хүрснээр, шинэ санхүүгийн хямралын эх үүсвэр болох аюул нүүрлэж байжээ. Гамшгийн байдлаас хамгаалахын тулд “troika” хэмээгддэг Олон улсын валютын сан, Европын төв банк, Европын комисс нь Грек улсад хоёр удаагийн олон улсын тусламжийн хөтөлбөрийн нэг болох 240 тэрбум евро буюу 264 тэрбум ам. долларын (одоогийн ханшаар) тусламжийг үзүүлж байсан бөгөөд төсвийн таналт болон өндөр татвар зэрэг хатуу нөхцөлийг тавьж байсан юм. Түүнчлэн Грек улсыг Засгийн газрын цомхотгол хийх, татвараас бултах явдлыг зогсоох, бизнесийн үйл ажиллагаа хийхэд амар улс болгох зэрэг эдийн засгийг тогтворжуулах, цэвэрлэх тухайд анхаарахыг шаардсан байна.

ГРЕК УЛС ТЭРБУМ ТЭРБУМААР ТУСЛАМЖ АВСААР БАЙТАЛ ХЯМРАЛ ЯАГААД УДААН ҮРГЭЛЖЛЭВ

Тусламжийн мөнгө нь Грек улсад санхүүгээ тогтворжуулах, Евро бүсийн хагарлын айдсыг багасгахад цаг олгох ёстой олгогдсон юм. Энэхүү тусламж нь тус болсон ч эдийн засгийн асуудлууд шийдэгдээгүй хэвээр байсан. Таван жилийн дотор Грекийн эдийн засаг дөрөвний нэгээр агшиж, ажилгүйдлийн төвшин 25 хувиас дээш болжээ. Учир нь тусламжийн мөнгө нь Грекийн гадаад зээлийг төлөхөд зарцуулагдаж байснаас улсын эдийн засагт ашиглагдаагүй юм. Грекийн Засгийн газар одоог хүртэл эдийн засаг сэргэхээс нааш төлж барагдуулах боломжгүй зээлтэй байсаар л байгаа юм. Ерөнхий сайд Ципрасын тусламжийн хөтөлбөрийн хэлцэл нь Грек Улсыг эдийн засгийн шинэчлэл хийх, банкнуудын дахин капиталжуулалт болон хөрөнгийн хатуу хяналт зэрэг арга хэмжээг шаардаж байгаа юм. Грек Европ хоорондын харилцаа муудаж, зарим эрх баригчид Грекийн өмнөх эрх баригчдын буруу захиргаанд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тусламжийн хөтөлбөрийн нөхцөлийн дагуу Грек нь өмнөх жилүүдэд аль хэдийнэ батлагдах ёстой байсан маш олон хууль тогтоомжийг батлах шаардлагатай болж байгаа юм. 

 

Ц.ДАВАА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)