Дайны үеэр хагацсан Солонгосчуудын уулзалт болж байна

1950-1953 он хүртэл үргэлжилсэн Солонгосын иргэний дайны улмаас хагацсан хүмүүсийн уулзалт болж байна. Хоёр Солонгосын тусгаарлагдсан гэр бүлийн уулзалт энэ сарын 20-22-ны хооронд болж байгаа юм. Хамгийн сүүлд 2015 оны аравдугаар сард ийм уулзалт болж байсан юм. Өчигдөр Өмнөд Солонгосоос Хойдод суугаа төрөл садантайгаа уулзах зорилгоор өндөр настай 89 хүн, мөн тэднийг дагалдан яваа 360 хүний бүрэлдэхүүнтэй цуваа Хойд Солонгостой залгаа хилийн бүсийг зорин хөдөлжээ. Тэднийг автобусаар хоёр Солонгосын хилийн завсрын бүс дэх зэвсэггүй бүсэд хүргэж, улмаар Кымгансан уулын бүс дэх амралтын газарт уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Солонгосын дайны уршгаар хувь заяаны эрхээр салсан гэр бүлүүдийн уулзалт зохион байгуулах шийдвэрийг хоёр Солонгосын төрийн тэргүүний уулзалтаар тогтсон. Хойд болон Өмнөд Солонгосын талууд өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн уулзалтаараа хагас зуун жилийн тэртээ, хувь заяаны эрхээр салсан гэр бүлүүдийг уулзуулах ээлжит уулзалтыг зохион явуулахаар зөвшөөрсөн юм. Өмнө нь хоёр улсын эрх баригчид энэхүү уулзалтыг зохион байгуулж байсан. Харин одоо болж буй уулзалтыг гурван жилийн дараа зохион байгуулж байгаа юм байна. Уулзалтад Өмнөд болон Хойд Солонгосын өндөр настнууд оролцож байгаа бөгөөд 101 настай ахмад хүртэл оролцож байгаа аж. Өмнөд Солонгосоос 89, Хойд Солонгосоос 83 хүн оролцохоор тус тус сонгогджээ. “Би түүнийг өдий хүртэл амьд үгүйг мэдэхгүй явж байсан. Ийм өдөр тохионо гэж хэзээ ч төсөөлж байсангүй” хэмээн 92 настай Ли Кейм-Сеом сэтгүүлчдэд ярьжээ. Тэрбээр дайнаас болж өөрийн нөхөр, дөрвөн настай хүүгээсээ хагацсан аж.

“Би одоо 90 настай, хэзээ үхэхээ мэдэхгүй байна. Би энэ удаагийн уулзалтад оролцох болсондоо үнэхээр баяртай байна” гэж дүү нартайгаа уулзахаар явж буй Мүн Хүюн-сок ярьжээ. Уулзалтад оролцох Өмнөд Солонгосын ахмадууд Хойд Солонгосын хил давж Кумганг уулын жуулчны баазад гурав хоногийн хугацаатайгаар байрлах бөгөөд өдөрт ердөө хэдхэн цаг уулзуулахаар төлөвлөжээ. Тэдэнтэй цуг эмч болон сувилагч нар биеийн байдлыг нь хянахаар цуг явах аж. Солонгосын дайн нь олон сая хүнийг гэр бүлээс нь салгасан бөгөөд өнгөрсөн 18 жилийн туршид хоёр Солонгосын эрх баригчид тус уулзалтыг 20 удаа зохион байгуулж байжээ. 1950- 1953 оны хооронд үргэлжилсэн Солонгосын дайны үеэр нийтдээ 128 мянган хүн хувь заяаны эрхэнд гэр бүл, садан төрлөөсөө салсан гэж тооцдог юм. Эдгээр хүмүүсээс өнөөдөр бараг тал хувь нь хорвоог орхижээ. Кымгансан хотод болсон энэ удаагийн садан төрлийн уулзалтад Өмнөд Солонгосын талаас 400 гаруй хүн, Хойд Солонгосын талд амьдарч байгаа төрөл садан, ахан дүүстэйгээ уулзахаар иржээ. Хамгийн анх хоёр Солонгосын талууд ийм уулзалтыг 1985 онд явуулж, дараа нь 2000 онд сэргээн, хамгийн сүүлд 2010 болон 2015 онд зохион байгуулсан юм.

Ц.Даваа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)