Дэлхийн улс орнуудын нэвтрүүлэхийг хүсч буй Хятад технологи

 

Бээжингийн “Beijing Foreign Studies” их сургуулиас өнгөрсөн онд дэлхийн 20 гаруй орны залуучууд дунд “Хятад улсын хэрэгжүүлж буй технологиос алийг нь эх орондоо хэрэгжүүлэхийг хүсч байна вэ” гэсэн судалгаа явуулжээ. Судалгаанд оролцогчдын олонх нь өндөр хурдны галт тэрэг, “wechat” болон утсаар төлбөр төлөх арга, цахим худалдаа, дугуйн солилцоо зэргийг нэрлэжээ. БНХАУ 2020 он хүртэл өндөр технологийн хөгжилд анхаарал хандуулан ажиллахаар төлөвлөж буй. Тэгвэл тус улсын дэлхийн залуучуудын атаархлыг төрүүлж буй технологийн гайхамшгийн талаар товч хүргэе.

ӨНДӨР ХУРДНЫ ГАЛТ ТЭРЭГ

Өндөр хурдны галт тэрэг гэж ямар галт тэргийг хэлэх талаар нэгдсэн нэг тодорхойлолт байдаггүй. Хэдийгээр Европын холбооноос 250 км\цагаас дээш хурдалбал өндөр хурдны галт тэрэг гэж тодорхойлдог ч одоогоор хурдны гал тэрэг цагт 400 км-ээс ч илүү хурдалж байна. Дэлхий дахины төмөр замын байгууллагын (UIC) мэдээлснээр 1964 онд Японы “Shinkansen” буюу суман галт тэрэг нь дэлхийн хамгийн анхны өндөр хурдны галт тэрэг аж. Харин БНХАУ-ын хувьд анхны хурдан галт тэрэг 2008 онд олимпийн наадмын өмнөх өдөр Бээжингээс Тяньжин хотын чиглэлд хөдөлж байжээ.

Тэгвэл өнөөдөр БНХАУ дэлхийд хурдны галт тэрэгний төмөр замын сүлжээгээрээ тэргүүлж байна. Тус улс соронзон дэр бүхий өндөр хурдны замтай. Шанхай чиглэлийн ийм галт тэрэгнүүд дунджаар 430 км/ цагийн хурдтай. Бээжингээс Харбин хот хүртэлх төмөр замыг долоон жилийн дотор, Бээжингээс Шанхай хүртэлх 1500 км замыг дөрөвхөн жилийн дотор барьжээ. Төмөр зам барих нэг ажил. Харин түүгээр явах галт тэрэг үйлдвэрлэх өөр хэрэг. Саяхныг хүртэл хятадууд Европ, Хойд Америк, Японы (“Bombardier”, “Alstom”, “Siemens”, “Kawasaki”) галт тэргийг авдаг байсан бол одоо өөрсдөө үйлдвэрлэдэг болсон байна. Үйлдвэрлээд зогсохгүй гадагш нь нийлүүлж эхэлжээ. МОБАЙЛ ТӨЛБӨР Мобайл төхөөрөмжөөр хамгийн анх 1997 онд Финландад төлбөр төлж байжээ. Үүнээс хойш маш олон улсад мобайл төлбөрийг оролдож үзсэн ч тэр бүр бүтэлтэй болохгүй байсан бол 2014 оноос хойш дэлхий дахинаа тогтмол хэрэглэгдэх болсон байна. Америкаас гаралтай хүмүүс хоорондын харилцааны анхны чат апплейкшн “WhatsApp” гарч ирж хүмүүсийн хоорондын харилцааг хялбарчилж өгсөн билээ. БНХАУ үүнийг дууриасан “Wechat”-ийг зохион бүтээж 2011 оноос ашиглаж эхэлсэн. “Wechat” 2016 он гэхэд дэлхийн хамгийн идэвхтэй хэрэглэгчидтэй чат апплейкшн болж 2017 онд зөвхөн Хятадад төдийгүй дэлхийн хэмжээнд өргөн хэрэглэдэг идэвхтэй апплейкшны нэг болсон. “Wechat” нь зөвхөн хоорондоо харилцах чат байхаас гадна хүний амьдралыг хөнгөвчлөх бүхий л үйлчилгээг уг апплейкшнээр дамжуулан хийж болдог болжээ. Үүнд: •Мөнгөн шилжүүлэг •Хүргэлтийн хоол захиалга •Такси дуудлага •Бүх төрлийн төлбөр төлөх •Киноны билет захиалах •Хангамжийн үйлчилгээ •Буудал захиалга •Онлайн худалдан авалт Зөвхөн “Wechat”-аар ийм олон зүйлийг хийж болдог нь дэлхийн 20 гаруй орны залуучуудын сонирхлыг татах нь зайлшгүй.

ЦАХИМ ХУДАЛДАА

Майкл Альрих гэдэг хүн анх 1979 онд Их Британид цахим худалдааны эхлэлийг тавьж байлаа. Харин дэлхий дахинаа 1990-ээд оноос эхлэн цахим худалдаа хөгжиж, 1995 он гэхэд “Amazon”, “eBay” зэрэг компани үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. БНХАУ-д 1999 оноос цахим худалдаа хөгжиж эхэлсэн ч богино хугацаанд хурдацтай хөгжиж байгаа юм. Хятадын ШУА-ийн гаргасан "2017 оны Хятадын цахим худалдааны эхний хагас жилийн тайлан"-д 2016 оны арванхоёрдугаар сараас өнгөрсөн оны тавдугаар сар хүртэлх зургаан сарын хугацаанд Хятадын цахим жижиглэн худалдаа гурван их наяд юань хүрч, 2014 оны бүтэн жилийн хэмжээнээс илүү гарч, рекорд тогтоосон байна. Түүнчлэн энэ оны эхний улиралд Хятадын хэрэглэгчдийн цахим худалдаа америкчуудаас хоёр дахин илүү гарчээ. Цахим жижиглэн худалдааны нийт хэмжээгээр Хятад Улс олон жил дараалан тэргүүлж байгаа юм. Өнгөрсөн онд Хятадын цахим худалдаа дэлхийн нийт хэмжээний гуравны нэгээс илүү гарч, нийгмийн жижиглэн худалдаанд эзлэх хэмжээ дэлхийн дундаж төвшнөөс илүү гарсан бөгөөд энэ хэмжээ тасралтгүй нэмэгдсээр байна.

УНАДАГ ДУГУЙ ТҮРЭЭСЛЭХ

1960-аад оны үед Нидерландад хамгийн анх "Цагаан унадаг дугуйны төлөвлөгөө" буюу гудамжиндаа унадаг дугуйнууд байрлуулж, хүн бүрт хүссэн үедээ дугуй ашиглах боломж олгосон боловч хулгай, дээрмийн хэрэг нэмэгдсэн учир цуцалж байжээ. Харин 1990- ээд оны сүүлч үеэр Европын орнуудад хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Харин БНХАУ-д энэ үйлчилгээ хэдхэн жилийн өмнөөс нэвтэрсэн. Ерөнхийдөө Хятадад “Sharing economy” буюу ямар нэг эд зүйлийг өмчилж, эзэмшихийн оронд түрээсээр ашиглаж, олуулаа хуваалцан хэрэглэдэг эдийн засгийн шинэ харилцаа эрчимтэй хөгжиж байна. Гар утаснаасаа ганц товч дараад үнэтэй тансаг автомашин, гүйлтийн зам, караоке бүхээг, унтах орноос эхлээд унадаг дугуй, борооны шүхрийг хүртэл түрээслэх үйлчилгээнүүд бий болжээ. Тэр тусмаа унадаг дугуйн түрээсийн үйлчилгээ хурдацтай хөгжиж байна. “Wechat”- ийн тусламжтайгаар код уншуулж төлбөрөө төлөх бөгөөд нэг цаг нь нэг юанийн үнэтэй. Хятадын хамгийн том дугуй түрээслэгч компани бол “Ofo” юм. Тус компани Энэтхэгийн долоон хотод нээлтээ хийж, туршилтаар ажиллуулж эхэлсэн бөгөөд ОХУ-ын томоохон хотуудад ч туршихаар төлөвлөж байгаа аж.

Ц.ДАВАА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)