БНХАУ 146 сая тонн нүүрс импортолжээ
- 2018-08-23
- Дэлхий
- 0
Энэ оны эхний хагас жилийн байдлаар Хятадын нүүрсний зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн ерөнхий тэнцэл тогтвортой байсан талаар тус улсын Нүүрсний аж үйлдвэрийн холбооноос мэдээлжээ. Хятадын нүүрсний хэрэглээ 1.9 тэрбум тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 3.1 хувь өссөн бол нүүрсний нийлүүлэлт ч мөн өсөлттэй гарсан байна. Тодруулбал, Хятадын аж ахуйн нэгжүүд 1.7 тэрбум тонн түүхий нүүрс олборлож /3.9 хувь/, 146 сая тонн нүүрсийг импортолжээ. Ингэснээр импортын нүүрс 10 орчим хувиар өссөн дүн гарчээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний аж ахуйн нэгжүүд нийт 156 тэрбум юанийн ашиг олсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.4 хувь өссөн. Хятад улсын нүүрсний салбар бүтцийн сайжруулалт хийж тодорхой хөгжил дэвшил гарсан ч эрэлт нийлүүлэлтийн тодорхой бус хүчин зүйлүүд нэмэгдэх, зах зээлийн хяналтын сул байдал зэрэг нь сөрөг нөлөө үзүүлж байна хэмээн тус холбоо үзэж байгаа аж. Байгальд ээлтэй технологиор эрчим хүч гарган авах ажил тасралтгүй үргэлжилж байгаа ч нүүрснээс эрчим хүч гарган авах нь байгаль орчинд хор хөнөөл ихтэй хэвээр байна. Түүнчлэн энэ оны хоёрдугаар хагаст эрчим хүчний нүүрсний хэрэгцээ өсөх хандлагатай байгаа буюу нүүрсний зах зээлийн ирээдүй тогтвортой байх төлөвтэй байгаа ажээ.
Ц.Даваа
Сэтгэгдэл (0)