Хөгжлийн банкнаас сэрэмжлүүлж байна
- 2018-08-23
- Эдийн засаг
- 0
АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Сүүлийн үед Монгол Улсын Хөгжлийн банкны болон ажилтны нэрийг ашиглах, тус банкны баримт бичгийг хуурамчаар үйлдэх, мөн зээлд зуучлана гэж бусдыг залилах оролдлого удаа дараа гарч байна.
Дээрх хууль бус үйлдэл нь эрүүгийн гэмт хэрэг бөгөөд энэ талаар Эрүүгийн хуульд доорх байдлаар заажээ:
“17.3 дугаар зүйл.Залилах.
1.Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.албан тушаалын байдлаа ашиглаж;
2.2.бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг:
3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
3.2.олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн;
3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
23.2 дугаар зүйл.Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах
1. ... эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, ... эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг үйлдэж бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
Монгол Улсын Хөгжлийн банк нь 2017 онд шинэчлэн батлагдсан Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль, Зээлийн бодлого, Зээлийн үйл ажиллагааны журам, Зээлийн хорооны ажиллах журам зэрэг эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, мэргэжлийн шинжилгээ, дүгнэлтүүдэд үндэслэн хараат бусаар шийдвэр гаргадаг тул аливаа этгээд төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх үйл ажиллагаанд зуучлах, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх боломжгүй юм.
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль болон тус банкны Зээлийн бодлогоор төсөл, хөтөлбөр санхүүжүүлэхэд дараах шаардлага тавигддаг бөгөөд гагцхүү эдгээр шаардлагыг хангаж, эрсдэл, эх үүсвэрийн нөхцөл, боломжийг тооцон үзэж, санхүүжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Үүнд:
- Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн байх;
- эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх;
- техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх;
- эдийн засгийн өсөлт, экспортыг дэмжих, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн байх;
- төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх;
- Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх.
- гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай хамтран санхүүжүүлэх;
- зээлийг эргэн төлөх эх үүсвэр нь тодорхой, орлого, мөнгөн урсгал нь хангалттай, үндэслэлтэй байх
- санхүүжилтийн зориулалт, зарцуулалтын төлөвлөгөө тодорхой байх;
- төслийн үр дүнд буй болох бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах зах зээлийн судалгаа, шинжилгээ хийгдсэн, борлуулалтын нэгдсэн төлөвлөгөөтэй байх;
- санхүүжилт хүсэгч болон түүнтэй холбогдох этгээд нь бусад банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөрийн үлдэгдэлгүй байх.
Иймд төсөл, хөтөлбөрийн санхүүжилт хүсч буй аж ахуйн нэгжүүд аливаа этгээдээр дамжуулалгүй, тус банкны “Зээлийн хүсэлт бүртгүүлэх систем”-ээр болон холбогдох ажилтнуудтай албан ёсоор шууд харилцаж байна уу.
Төсөл, хөтөлбөр санхүүжүүлэхэд зуучлах оролдлого, байгууллагын болон ажилтны нэр барьсан аливаа үйлдлийн талаарх мэдээллийг тус банкны Ёс зүй, сахилгын хороонд (цахим шуудангийн хаяг:eszuinkhoroo@dbm.mn) ирүүлнэ үү.
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС
Сэтгэгдэл (0)