Лаост үерийн гамшиг нүүрлэжээ

Лаост үерийн улмаас 46 хүн амиа алдаж, 97 хүн сураггүй алга болсон талаар тус улсын Байгалийн гамшгийн уршгаас урьдчилан сэргийлж, хянах хороо мэдээлжээ. Халуун орны “Сон- Тинь” болон “Бебинка” далайн шуургын улмаас өнгөрсөн долоодугаар сарын дунд үеэс наймдугаар сарын дунд үе хүртэл хүчтэй аадар бороо үргэлжлэн орсноор тус улсын 14 мужийн 236 мянга гаруй хүн үерийн гамшигт өртөөд байгаа аж. Нийт 11383 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд тэдгээр хүмүүс түр хоргодох байранд амьдарч байна. Түүнчлэн 120 гаруй сургууль сүйдээд байгаа нь ирэх есдүгээр сарын нэгэнд хичээлийн шинэ жил эхлэх гэж буй энэ үед тулгамдсан асуудал болоод байгаа ажээ. Үерийн гамшгийн улмаас 138 зам, 26 гүүр сүйдээд байгаа нь 1.9 сая ам.доллартай тэнцэх хохирол учруулсан байна.

“Үерт нэрвэгдсэн ард иргэдэд майхан, бие засах газар, цахилгаан эрчим хүч, цэвэр ус, нөөшилсөн хүнс, цагаан будаа хийгээд эм тарианы яаралтай тусламж шаардлагатай байна” гэж тус улсын Байгалийн гамшгийн уршгаас урьдчилан сэргийлэх, хянах хороо мэдэгджээ. Үүний зэрэгцээ сүйдсэн барилга байшинг сэргээн засварлах, гэр ахуйн болон барилгын тоног төхөөрөмж шаардлагатай байгаагаас гадна таваас доош насны хүүхдүүдэд зориулсан тэжээллэг хоол хүнс дутагдалтай байгаа юм. “Тусламж, дэмжлэг үзүүлж байгаа орнууд болон олон улсын байгууллагад талархлаа илэрхийлж байна. Тэдгээр тусламжийг хэрэгтэй хүн бүхэнд тохирох хэмжээгээр хуваарилж байгаа” гэж тус хорооноос мэдэгдсэн байна. Өнгөрсөн хугацаанд нийт 15.3 сая гаруй ам.долларын хандив тусламж ирээд байгаа ажээ.

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)