“Алтан виз”-д тавих хяналтыг сайжруулна
- 2018-08-24
- Дэлхий
- 0
Европын холбооноос гаднын чинээлэг хүмүүст иргэншил олгодог Унгар, Малта, Кипр, Латви, Австри, Грек, Литва, Португал гэсэн найман гишүүн улсыг хяналтад оруулна гэдгээ мэдэгджээ. Энэхүү алхам нь Европын холбооноос мөнгө угаах, авлигын гэмт хэрэгтэй эрчимтэй тэмцэж эхэлсэн болон ОХУ-аас бохир мөнгө Европын холбоонд орж ирж байх магадлалтай гэсэн хардлагаас үүдэлтэй аж. Дээрх найман улс нь мөн “Алтан виз” нэрээр чинээлэг иргэдэд визгүйгээр зорчих боломж олгодог. Шүүмжлэгчид ийм журмаар виз эсвэл иргэншил олгох энэхүү систем нь өөрөө авлига үүсгэх асар өндөр эрсдэлтэй төдийгүй шударга бус гэж үзэж байна. Гэмт хэрэгтнүүд 2-3 паспорттой болсноор татвараас зугтах, мөнгө угаах зэрэг гэмт хэрэгт холбогдох бүрэн боломжтой болдог ажээ. Дээрх схемүүд нь ихэнхдээ иргэдийг Засгийн газрын бонд худалдаж авах эсвэл улсад нь хөрөнгө оруулахыг шаарддаг. Жишээ нь Унгарын “алтан виз”-ийн үнэ 300 мянган евро. Эдгээр шаардлагыг биелүүлснээр гадаадын баян иргэд шинэ пасспортуудтай болж Шенгений бүс нутагт аялж, амьдрах боломжтой болох юм. Европын холбоо энэ намар зарим орны визэнд тавих хяналтыг нь хангалтгүй гэж шүүмжилсэн шинэ тайлан гаргахаар төлөвлөж байна.
Ц.Даваа
Сэтгэгдэл (0)