БНСУ-ын экспортын хэмжээ өсчээ

Өмнөд Солонгосын экспортын хэмжээ энэ оны эхний зургаан сарын байдлаар өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулахад хамгийн өндөр хэмжээнд хүрсэн тухай тус улсын Засгийн газраас өнгөрсөн пүрэв гаригт нийтэлсэн мэдээлэлд дурджээ. Экспортоор гаргасан бүтээгдэхүүнүүдээс санах ойн чип болон нефть химийн бүтээгдэхүүнүүд борлуулалтаараа тэргүүлж байгаа ажээ. Тус улс нь энэ оны нэгээс зургаадугаар сарын хугацаанд гадаадын орнууд руу нийт 296.79 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.3 хувиар өссөн үзүүлэлт болсон тухай тус улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамнаас мэдээлсэн байна.

Бүс нутгаар авч үзвэл, Өмнөд Солонгосын экспортын хамгийн том зах зээлд тооцогддог Хятад руу гаргасан экспортын хэмжээ энэ оны эхний хагаст 79.2 тэрбум ам.долларт хүрсэн нь 21 хувиар өссөн үзүүлэлт болсон бол АНУ-тай хийсэн худалдааны хэмжээ 1.3 хувиар өсч, 34.45 тэрбум ам.доллар болжээ. Мөн АСЕАН-ы орнууд руу гаргасан экспортын хэмжээ 48.93 тэрбум ам.долларт хүрсэн нь тус байгууллагын гишүүн орнуудын бүлэг нь Өмнөд Солонгосын экспортын хоёр дахь том зах зээлд тооцогдох болсон байна.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)